Монгол-Германы харилцаа
ХБНГУ Монгол Улстай Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болсныг мэдэгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ё.Розенберг ХБНГУ-ын Холбооны Канцлер О.Шольцийн захидлыг Ерөнхий сайдад гардуулж, ХБНГУ Монгол Улстай Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар болсныг мэдэгдлээ. Цар тахлын амаргүй цаг үед ХБНГУ-аас Монгол Улсад зөөврийн амьсгалын аппарат зэрэг нэг сая гаруй еврогийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивласанд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн Холбооны Засгийн газрын шийдвэрт талархаж байгааг Холбооны Канцлерт уламжилж өгөхийг хүссэн юм. Монгол Улс гуравдагч хөрш, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл өндөр байна. Цаашид ХБНГУ-тай харилцааны түвшингээ шат ахиулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үзсэн: 2720
Tweet