Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх
Үүнд: Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамжид нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр болов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд эдийн засгийн хүндрэл учирч байгаа тул эрсдэлээс сэргийлэх үүднээс Засгийн газар энэ сарын 4-нд ээлжит бусаар хуралдаж, дээрх хуулийн төслийг өргөн барихаар шийдвэрлэсэн юм. Уг хуулийн төслийн хүрээнд доорх 8 асуудлыг зохицуулна. Үүнд: Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамжид нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, мөн газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож байна. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж, экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүрд тогтоож мөрдүүлнэ. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглов.
Үзсэн: 870
Tweet