Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхээ нотлов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж, дуусгавар болж байгааг тэмдэглэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оныг манай хоёр улс “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Элчин сайд Х.Кобаяши энэ онд тохиож буй дипломат харилцааны ойг жилийн турш тэмдэглэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаагаа танилцуулав. Мөн ойг тохиолдуулан хоёр талдаа дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлж, Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхээр ажиллахаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж, дуусгавар болж байгааг тэмдэглээд энэ онд дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг тохиролцохын чухлыг онцлов. Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав.
Үзсэн: 937
Tweet