Монгол Улс “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд оролцож байна
2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд болж буй тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын Үндэсний өдөрлөгийг зохион байгуулж байна.
Үндэсний өдөрлөгийн нээлтийн үеэр Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч Т.Дүүрэн, Дубай Экспо-гийн Ерөнхий комиссарын ажлын албаны дарга Нажийб Мухаммад Али нар үг хэлсэн байна. Монголын Үндэсний өдөрлөгийг Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн далбааг мандуулж, Монголын нүүдэлчин соёл иргэншил, өнө эртний давтагдашгүй түүх, зан заншил, уламжлалыг харуулсан уртын дуу, хөөмий, хөгжмийн үзүүлбэр зэрэг давтагдашгүй ур хийц бүхий ардын урлагийн бүтээлүүдийг үзэгчдэд толилуулж байна. Дэлхийн үзэсгэлэнгийн хүрээнд улс орнууд өөрийн түүх, соёл, технологийн хөгжлийг харуулсан павильон тохижуулж оролцож байгаа бөгөөд Монгол Улс өөрийн павильондоо аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгалыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба боломжуудыг сурталчлан, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг дэлгэн тавьжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Шейх Абдулла бин Заид Аль-Нахъян, Төрийн сайд Ахмад Аль-Саиг нартай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ. Сайд Б.Батцэцэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улс Булангийн орнууд, түүний дотор Эмираттай явуулж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглээд Монгол Улс Абу Даби хотноо энэ ондоо багтаан Элчин сайдын яамаа нээх тухай мэдээлэв. Түүнчлэн, АНЭУ-ын зүгээс Монгол Улсад Тайширын усан цахилгаан станцыг байгуулахад зориулж хөнгөлөлттэй зээл олгож байсанд талархал илэрхийлээд цаашид дэд бүтцийн томоохон төслүүд дээр хоёр улс хамтарч ажиллах боломж байгааг онцолсон байна.
Шейх Абдулла бин Заид Аль-Нахъян хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд Монгол Улс Абу Дабид Элчин сайдын яамаа нээж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа нотолсон. Түүнчлэн, Шейх Абдулла бин Заид Аль-Нахъян Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ ондоо багтаан албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Төрийн сайд Ахмад Аль-Саиг-тай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, газрын тос, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Үзсэн: 1100
Tweet