Беларусь улсаас мах, сүүний чиглэлийн 9000 үхэр авна
ХХААХҮЯ газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг хоршуулан хөгжүүлэх хүрээнд Беларусь улсаас 9000 үхрийг хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон байна.
Эдгээрийн 5000 нь сүүний, 4000 нь махны чиглэлийн үүлдрийн үхэр байх юм. Эхний ээлжийн үхрийг энэ ондоо багтаан оруулж ирэх гэрээ байгуулжээ. “Манайд мах сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр цөөн байдаг. Эрчимжсэн мал ахуйн тэжээл бэлтгэх боломжтой газар тариалангийн бүсэд цэвэр үүлдрийн үхэр өсгөж, сүргийн сэлбэлт хийн цөм сүрэг бий болгох юм. Бэлчээрлэхгүй тул газар тариаланд харшлаад, бэлчээр сүйтгэхгүй. Суурин мал аж ахуй бий болгох зорилготой. Нэг цөм сүргээр нь өсгөх шаардлага тавьж байгаа юм. Эдгээрийг иргэд аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлээр өгөх аж. Үүнээс гадна Беларусь улсаас ирэх жил 6 сая еврогийн тоног төхөөрөмжийг ирэх намрын ургац хураалтад зориулж хаврын тариалалтаас өмнө аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй үнээр өгөхөөр гэрээ хийсэн” гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдэд мэдээллээ.
Үзсэн: 950
Tweet