“Хариуцлагатай бичил уул уурхай”
Улсын хэмжээгээр аваад үзвэл 40,000-60,000 хүн бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байна гэсэн судалгааг бий. Алтны бичил уурхай нь шууд бусаар 120,000-180,000 хүний амьжиргааг дэмжиж байна.
Ашигт малтмал, ялангуяа алтыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаа нь олон мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн уул уурхайн үйлдвэрлэлийн эртний аргуудын нэг юм. Бичил уурхайн салбар дэлхий дахинд хөгжсөн олон жилийн түүхтэй. Дэлхийн нийт алтны нийлүүлэлтийн 20 хувийг бичил уурхайгаас бүрдүүлж, жилд 20-30 тэр бум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгийг бий болгодог байна. Хүн ам цөөн ч эрдэс баялгаар арвин Монгол Улс нь байгалийн нөөц, уул уурхайн олборлолтоос ихээхэн хамааралтай улсын тоонд ордог. 30-аад жилийн өмнө Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш уул уурхайн салбар нь тус улсын эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүчний нэг болсон юм. Нийт экспортын 80 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлж байгаагаас эдийн засагт хэт жинтэй хувь эзэлж байгааг харж болно. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд ч мал аж ахуйгаас гадна уул уурхайн үйл ажиллагаа нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны чухал эх үүсвэр болдог болжээ. “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбоонд 7000 гаруй бичил уурхайн байгуулага гишүүнээр элссэн байдаг. Улсын хэмжээгээр аваад үзвэл 40,000-60,000 хүн бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байна гэсэн судалгааг бий. Эдгээр иргэдийн гуравны нэг нь эмэгтэйчүүд бөгөөд алтны бичил уурхай нь шууд бусаар 120,000-180,000 хүний амьжиргааг дэмжиж байна. Үүнтэй уялдан бичил уурхайн эрх зүйн орчин, зохицуулалтууд бий болсоор байгаа юм. Эдгээрт Монгол улс мөнгөн усны хэрэглээг хориглосон боловч уг салбарт албан бус байдал зонхилж, мөнгөн усны далд хэрэглээ байсаар байна гэж судлаачид хэлж байна. Иймд энэ салбарыг мөнгөн уснаас ангид болгохын тулд тогтвортой үйл ажиллагааг хангах, албажуулах, санхүүгийн боломжуудыг бий болгох, технологийг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, одоогийн хүчин чармайлтыг дэмжих шаардлагатай байгаа аж.
Мөнгөн ус нь маш хортой хүнд металл бөгөөд дэлхийн анхдагч элементүүдийн нэг бөгөөд устгах боломжгүйд тооцогддог. Алт боловсруулахад мөнгөн усыг ашигласнаар мөнгөн усны уураар амьсгалж хурц болон архаг хордлогод орох эрсдэлтэй байдаг байна. Иймд Монгол Улсын Их Хурал мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон. Улмаар 2016 онд Монгол Улсын Засгийн газраас мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж баталсан байдаг. Эдгээр хууль тогтоолыг амьдралд хэрэгжүүлж бичил уурхайн үйл ажиллагааг хариуцлагажуулах, бичил уурхайчдын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сайн туршлага бий болгоход талуудын оролцоог хангах замаар алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг зогсооход хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байгаа “Планет Голд Монгол” төслийг нэвтрүүлгээрээ онцолж байна. Даян дэлхийн байгаль орчны сан, Нэгдсэн үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Үйлдвэр хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр бичил уурхайг албажуулах замаар үйл ажиллагааг нь сайжруулах зорилготой “Планет Голд” төслийг Монгол, Филиппин улсуудад хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү бүсийн төсөл нь Монгол Улсын Засгийн газартай хамтран орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц, мөнгөн усгүй, цэвэр, үр ашигтай технологи бүхий албажсан бичил уурхайг төлөвшүүлэх таатай орчинг бүрдүүлэх зорилготойгоор 2019 оноос үйл ажиллагаа эхлээд байна. Төслийн хүрээнд Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудыг сонгон авч олон төрлийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Бид “Планет Голд Монгол” төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээтэй уулзаж төслийн талаар тодрууллаа.
Д.Хишгээ: Манай төсөл яагаад эдгээр аймгуудыг сонгосон юм бэ гэхээр алтны бичил уурхай бүхий энэ орон нутгаас үндсэн ордтой хэсгүүдийг сонгож авсан. Учир нь мөнгөн ус бол Монгол улсад ихэнхдээ үндсэн ордод ашиглагдаж байгаа юм. Мөнгөн ус өөрөө химийн хүнд хортой учир Монгол улс хатуу хориглосон байдаг. Гэвч нууц далд байдлаар хэрэглэсээр байна. Хэрэглээ хаана байна вэ гэхээр бичил уурхайгаар олдорлож байгаа үндсэн ордууд дээр байгаа юм. Иймд эдгээр аймгуудыг сонгож авсан. Мөнгөн усыг хоёр байдлаар хэрэглэж байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт мөнгөн усыг алтны үндсэн ордоос олборлосон чулуу бүхий хүдэрт эхний нунтаглах процессыг хийхэд ашиглаж байна. Нөгөөдөх нь технологи нь бүрэн гүйцэт биш, алт авалт нь бага, бүрэн бус дамжлагатай цехүүдээс бичил уурхайчин дундын дамжлагаас нь материалаа буцааж аваад мөнгөн ус хэрэглэх замаар алтаа ялган авахад хэрэглэж байна гэж үзэж байгаа юм. Монгол улсад мөнгөн усгүй баяжуулах цехүүд хэд хэд байдаг. Төслийн гол зорилго бол технологийг нь сайжруулаад өгвөл мөнгөн усны хэрэглээг халж болно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл алт авалт нь өндөр байвал тухайн бичил уурхайчин сэтгэл хангалуун байна гэсэн үг. Алт авалт нь бага байх юм бол хаягдал дотор нь алт байсаар байгаа учир түүнийг гүйцэд авахын тулд хамгийн хоцрогдсон мөртлөө хамгийн хортой арга болох мөнгө усыг ашиглаж байгаа юм. Бүтэн циклээр нь харах бол жишээ нь би өөрөөгөө бичил уурхайчин гэж үзвэл албан ёсоор газраа баталгаажуулж аваад, гэрээгээ хийгээд, тодорхой үүрэг хариуцлагаа хүлээгээд хажуудах цехдээ алтаа боловсруулаад эцэст нь Монгол банканд өгнө. Энэ бүх процесс ил тод байх ёстой. Иймд төслийн хүрээнд мөнгөн усгүй технологи сайжруулалт мөн гарал үүслийн асуудлыг илүүтэй анхаарч байгаа юм. Ингээд цогцоор нь шийдэж чадвал бичил уурхай үлгэр жишээ болж, тэндээс олборлож байгаа алтны гарал үүслийг тулгах мөшгих боломжтой болох юм. Төслийн хувьд энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл өгөхөөр зорин ажиллаж байна. Төсөл маань 2019 онд эхэлсэн боловч тодорхой хэмжээний саатлууд байсан. Бичил уурхайн журмыг засгийн газраас сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Тэр болтол шинээр бичил уурхай эрхлэх, шинээр газар олгохыг хориглосон байгаа. Энэ хүчин зүйл нь төслийн явцад тодорхой хэмжээгээр нөлөөж байна. 2023 он хүртэл бид нар нэг загвар гаргах төлөвлөгөөтэй байна. Үр ашигтай, үр дүнтэй, мөнгөн усгүй, байгаль орчинд ээлтэй аргаар алтыг хэрхэн олборлож, боловсруулж, олборлосон алтаа Монгол банк хүргэхэд гарал үүслийг хэрхэн тодорхой болгож хэрэгжүүлэх талаар загвар гаргана гэсэн үг юм.
Бичил уурхайчдын талаар олон нийтийн дунд нийтлэг байдаг сөрөг ойлголтууд байдаг. Засаг захиргааны харъяалалд бүртгэлгүй, татвар төлдөггүй, ашигт малтмалын болон хөдөлмөрийн хууль зөрчдөг, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрддөггүй, ой цэвэр усны эх үүсвэр, хүрээлэн буй орчинг бохирдуулдаг, олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийхгүй орхидог зэргийг дурдаж болно. Түүнчлэн бичил уурхайн үйл ажиллагаа ихэнх тохиолдолд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандартын гадна явагддаг, түүний ойр орчимд нийгмийн хүрээний ямар нэг зохион байгуулалт байдаггүй, байгаль орчны бохирдол ихтэй, эдгээр нөхцөл байдал нь эргээд тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, аюул дагуулдаг гэж олон нийт ойлгох нь бий. Эдгээр сөрөг ойлголтыг залруулж, бичил уурхайн үйл ажиллагааг эрхлэгчдийг албажуулж, тэдний үр ашгийг нэмэгдүүлж, хариуцлагатай бичил уул уурхайг хөгжүүлэх нь уул уурхайн салбарынхны ойрын зорилт болоод байна. Ингэснээр байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, үр өгөөж өндөртэй бичил уурхайг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Бичил уурхайг хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, орлого бүрдүүлэх цаашилбал хүний хөгжлийг дэмжих, хөдөөгийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болгохын тулд олон улсын дэвшилтэт туршлагуудыг Монгол орны онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэй “Планет Голд Алтны бичил уурхайн салбарын даян дэлхийн урт хугацааны хөгжлийн боломжууд” хөтөлбөр нь мөнгөн усны хэрэглээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах болон оролцогч олон нийтийг тогтвортой хөгжлийн боломжоор хангах, олборлогчоос цэвэршүүлэгч хүрэх үйл явцад нэмүү өртгийн аргачлалыг хэрэгжүүлэх замаар алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг халахад хувь нэмэр үзүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.
Үзсэн: 1117
Tweet