Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ ба Монгол улс


Densmaa 2021-11-02 09:11

1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж олон улсын хамтын нийгэмлэг дэх хууль ёсны байр сууриа эзэлсэн түүхтэй.

     Өнгөрсөн ХХ зуун Монгол Улсын түүхэнд олон чухал үйл явдлаар дүүрэн зуун байлаа. Тэртээ 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 онд Ардын засгийн газрыг байгуулж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж олон улсын хамтын нийгэмлэг дэх хууль ёсны байр сууриа эзэлсэн түүхтэй.

Олон улсын засгийн газар хоорондын түгээмэл бөгөөд нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол Нэгдсэн Үндэстний Байгууллага билээ. 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор үүссэн энэхүү байгууллагад эдүгээ дэлхийн 190 гаруй улс гишүүнээр нэгдэн ороод байна.

НҮБ нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан товхинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхүүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг  өмнөө тавьдаг. Энэхүү эрхэм үйл хэрэгт Монгол Улс эхнээс нь оролцох хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд НҮБ-ын гишүүн болох өргөдлөө анх 1946 оны 6 дугаар сарын 24-нд албан ёсоор гаргажээ. Гэвч НҮБ-д элсэх зам манай улсын хувьд шулуун дардан байсангүй. Бүхэл бүтэн 15 жилийн турш үзэл суртлын сөргөлдөөн, хүйтэн дайны хатуу уур амьсгалыг даван туулж, тууштай тэмцэж ирсний дүнд 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болсон юм.  

Тухайн үед НҮБ-ын гишүүн байсан 100 орчим улс орон бүгд Монгол Улсын төлөө саналаа өгсөн байдаг. Манай орны хувьд энэ нь улс төр, дипломатын үнэлж баршгүй том амжилт, тусгаар тогтнол, улс төрийн чухал баталгаа болсон юм. Улмаар олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэх, гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэн идэвхжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаанд оролцох өргөн боломж нээгдсэн билээ.

Монгол улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра ярихдаа: 

Монгол улс НҮБ-ын гишүүнээр элсэх үйл явц тийм ч амар байгаагүй. Учир нь МУ тухайн үедээ социалист орон байсан. Гэсэн ч тэд идэвх зүтгэлээрээ гишүүн болж, НҮБ-ын индэр дээрээс бүх гишүүн орнуудын өмнө эрх чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болсноор  МУ-ын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал илүү бэхэжсэн гэж хэлж болно. Одоо бид Монгол улсад дараагийн 5 жилд хэрэгжүүлэх НҮБ-ын тогтвортой хөгжлийн баримт бичгийг боловсруулж байгаа. Монгол улсад хүртээмжтэй тогтвортой хөгжлийг бий болгох, байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхийн тулд бид хамтран ажиллах болно.  

      1961 онд НҮБ-д элсэх үедээ манай улс ердөө 19 оронтой дипломат харилцаатай байжээ. Харин НҮБ-ын гишүүн болсноор бусад улс орнуудын Монгол Улстай дипломат харилцаа тогтоох эрмэлзэл, эрх зүйн үндэс, улс төрийн орчин эрс өөрчлөгдөж, эдүгээ 192 улстай дипломат харилцаа тогтоож, эдгээр улс оронтой 1318 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Манай улс өнгөрсөн он жилүүдэд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна. Энэ нь дэлхий ертөнцөд манай улсын эзэлж буй орон зай, хүлээсэн үүрэг өргөн болсны гэрч юм.

Түүнчлэн манай улсын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд эдийн засгийн хөгжил ба байгаль хамгаалах, зэвсэг хураах долоо хоног, улс түмэн энх тунх амьдрах эрхийн тухай тунхаглал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өвөрмөц хэрэгцээ, шаардлага, ардчиллын боловсрол зэрэг асуудлыг санаачлан хэлэлцүүлж нийт 80 гаруй удаа тогтоол батлуулжээ.

НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн албаны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга С.Эрдэнэбилэг: 

Манай орон НҮБ-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш 4 жилд нэг удаа батлагддаг НҮБ-ын тусламж хөтөлбөрөө МУ-ын Засгийн газартай ярилцаж, зөвлөлдөөд ямар салбарт нь ямар тусламж үзүүлэх үү гэдгээ тохироод тэр хэмжээгээр манай улс тусламж дэмжлэг аваад явдаг. Манай улс НҮБ-ын идэвхтэй гишүүн орон. Үүнд улс төр, эдийн засгийн хөгжил, тогтвортой хөгжлийн асуудал, байгаль орчин, хүний эрхийн асуудал гээд энэ бүх асуудалд манайх оролцож, тодорхой байр сууриа илэрхийлээд явдаг. Сүүлийн үед манай оролцоо дэлхийн олон нийтийн анхаарлыг их татаж байна. Ер нь улсын байр суурь гэдэг тухайн орны идэвх, тухайн орны хөгжил, тухайн орны эдийн засгийн байдалтай холбоотой. Түүхий эдийн бүтээгдэхүүний хувьд манайх нэлээн чухал газар. Тэр хэмжээгээр олон улсын эдийн засгийн ашиг сонирхлыг их татаж байна. Олон улсын эдийн засгийн ашиг сонирхлыг татна гэдэг улс төрийн ашиг сонирхол нь ч татагдана. Тэр чинээгээрээ манай улсын үүрэг роль нэмэгдэнэ. Манай улс ялангуяа далайд гарцгүй улс орны асуудлаар нэлээд идэвхтэй байр суурь баримталдаг. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцдог. Мөн НҮБ-д манай улсаас олон хүн ажилладаг. Энэ бүгд манай улсын нэр хүндэд их нөлөөтэй юм.

        Монгол Улсад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв 2018 онд байгуулагджээ.  Тус олон  улсын судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгарч буй саад бэрхшээлтэй холбоотой судалгаа хийх, олон улсад хийгдсэн судалгаа, мэдээ мэдээлэл, статистикийн тоо баримтыг ашиглах замаар олон улсын худалдаа, түүний дотор Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс илүү үр ашиг хүртэх, эрх ашгаа хамгаалах дуу хоолойг нэгтгэх, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын боловсон хүчний чадавхийг сайжруулах ач холбогдолтой юм.

ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны газрын захирал Гэрэлмаа: 

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын асуудлаар манай улс маш идэвхтэй ажилладаг. Үүний нэгэн жишээ нь манай дипломатуудын олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд УБ хотноо олон улсын засгийн газар хоорондын Далайд гарцгүй орнуудын судалгааны төв байгуулагдсан явдал юм. Бас нэг зүйл нэмж хэлэхэд Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн асуудал, ардчилалын боловсролын асуудал зэрэг хэд хэдэн тодорхой чиглэлээр МУ идэвхтэй ажилладаг.

      Өнгөрсөн хугацаанд НҮБ болон түүний системийн байгууллагуудаас Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлсэн нь үндэсний нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд бодитой дэмжлэг болсоор байгаа юм. Эдүгээ НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн манай орон дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байна.

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, тусгаар улсын хувьд тус байгууллагаас тусламж дэмжлэг авах эрх нээлттэй байж, 1963 оноос эхэлж НҮБ-аас олон сая ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн туслалцаа аваад байгаа билээ. 

СХД-ийн 31-р хорооны иргэн Батсүх:

Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүн. 1966 онд 10 дугаар ангиа төгсөөд УБДС-ийн орос хэл, утга зохиолын ангид орж төгсөөд Өвөрхангай аймагт хуваарилагдсан. Хөдөө хамгийн сүүлд 1 дүгээр 10 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1999 онд хотод шилжиж ирсэн. Тэр үед манай хороо,  манай гэрийн орчмоор айл хунар ч байгүй. 2, 3 жил гэрэлгүй, ус ч байхгүй байсан. НҮБ-ын Гэр хорооллыг хөгжүүлэх төсөл байдаг гэж сонсоод тэр төсөлд хамрагдаж манай үүгээр их олон ажил хийгдлээ. Далан, явган хүний зам, гэрлэн чийдэн, үерийн хамгаалалт олныг хийсэн, мөн гүүр, худаг хүртэл барьж өгсөн байна. Мөн цэцэрлэг сургууль гээд барьж байна. Хороодын барилгыг мөн барьж байна. Хамгийн сүүлд гэхэд энд их гоё гэрэл тавьж өгсөн. НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төслүүд ард түмний амьдрал ахуйд маш их үр дүнтэй төсөл гэж ойлгож талархаж явдаг. Зөвхөн манай дүүрэг хороонд биш бусад дүүрэг хороонд НҮБ-ын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Бас нэг жишээ дурдахад 2019 оны 1 сард би Франц улс руу хүүхэд дээрээ очсон юм. 3 сарын хугацаатай очсон боловч өвчлөл гараад яахаа мэдэхгүй байдалд орчихсон. Гэтэл НҮБ-аас өндөр настай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өөрийнхөө зардлаар эх оронд нь хүргэж өгч туслалцаа үзүүлж байгааг дуулаад, холбогдоод ямар ч саадгүйгээр эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд тусгаарлалтанд байх хугацааны зардлыг хүртэл өгөөд дээрээс нь тусламж болгож мөнгө өгч байна гэдэг бол ховор тохиолдол. Энэ мэтчилэн монголчууд НҮБ-ыг сайн мэднэ.       

   Монгол улс НҮБ-д элссэн цагаас хойшхи хугацаанд НҮБ, түүний системийн удирдах байгууллагад Монгол Улс сонгогдон үүрэг гүйцэтгэж ирсэн нь бахархалтай. Тодруулбал, НҮБ-ын бүтцийн үндсэн 6 байгууллагаас Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр 2 удаа, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа сонгогдон ажилласан юм. Мөн Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг 1992 онд зарласан билээ.

НҮБ-ын үйл ажиллагааны гурван тулгуур болсон хүний эрх, энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байгааг НҮБ-аас онцлон сайшааж байгаа юм.

Монгол Улс 2002 онд анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хоёр зэвсэггүй цэргийн ажиглагчаа Баруун Сахар дахь нийтийн санал асуулга  зохион байгуулах НҮБ-ын Ажлын хэсэгт илгээсэн түүхтэй. Улмаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар хоёр ажилтан нэмж илгээж байжээ.  Энэ цагаас хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. 

Тухайлбал, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж байна. Түүнчлэн 2006 оноос хойш 645 эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байна.

Өнөөгийн “Ковид-19” цар тахлын энэ хүнд үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 дахь ээлжийн цэргийн багаа 2020 оны 10 дугаар сард илгээсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цар тахлын үеийг “Энэ бол бидний нэгдэх, аливааг өөрчилж сайжруулах, илүү тэгш шударга, уян хатан улс нийгмийг цогцлоох цаг гэж онцлоод НҮБ-ыг энэ зарчмаараа удирдаж буйг би маш зөв зүйтэй хандлага” хэмээн харж байгаа гэсэн юм.

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулах эхлэлийн тайлан буюу төлөвлөгөөг танилцуулах зорилготой Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны зургаадугаар уулзалт 10 сарын 7-нд цахимаар болсон юм.

Уулзалтаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ- г боловсруулах замын зураглал, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох алхамууд, баримт бичгийг боловсруулахад түшиглэх мэдээлэл болон нөөц боломж, удирдлага болгох зарчмууд, үр дүнг үнэлэх аргачлал, талуудын хүлээх үүрэг хариуцлага, шийдлийг тодорхойлох арга замыг хэлэлцжээ. Мөн Гүрж, Хойд Македон, Лаос зэрэг улстай байгуулсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ  баримт бичгүүдийн онцлог шинж чанаруудын талаар мэдээлэл, санал солилцсон юм.

Түүнчлэн Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдааныг 10 дугаар сарын 22-23 өдрүүдэд зохион байгууллаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, Гадаад харилцааны яамнаас энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийт, түүний дотор хүүхэд залуучуудад Монгол Улс НҮБ-д элссэний ач холбогдлыг сурталчлан таниулах хүрээнд олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэсэн юм. “Ковид-19 цар тахлын үеийн олон талт хамтын ажиллагаа ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болсон энэ удаагийн хуралдаанд МУИС, Их Засаг Чингис Соосэ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн 75 оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 6 сурагч, нийт 81 залуус оролцжээ. “Загвар НҮБ” хуралдаан нь дэлхийн олон улсад зохион байгуулагддаг, залуу үеийг дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаарх мэдлэгийн хүрээгээ тэлж, дэлхий нийтийн сайн сайхны төлөө оюунаа уралдуулах боломжоор хангадгаас гадна оролцогчдын шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, харилцааны ур чадвар зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй арга хэмжээ юм.

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран аравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээний хүрээнд мөн Баянзүрх ууланд мод тарих, НҮБ-д элссэний 60 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн цомгийн нээлт, “Загвар НҮБ” хуралдаан, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.

“НҮБ-ын 7 хоног”-ийн бас нэгэн онцох үйл явдал нь Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн монгол бичгийн шилдэг уран бичээч хүүхдүүд нэгэн хүсэл, зорилгын дор нэгдэн НҮБ-ын Дүрмийг Монгол Улсын түүхэнд анх удаа уран бичлэгээр урлан бүтээж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра-д хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн явдал юм. Түүхэн ном бүтээх аян 2021 оны 6 дугаар сараас эхэлж, 4 сар гаруйн турш үргэлжлэн амжилттай өндөрлөсөн бөгөөд уг аяныг “Монгол дуу, дүрс сан” ТББ санаачлан “Бичиг соёл төв”, “Хүмүүн бичиг сонин”, “Олон улсын монгол уран бичлэгийн холбоо” хамтран хэрэгжүүлсэн юм. Монголын хүүхдүүдийн хүндтэй бэлгийг Нью-Йорк хотод албан ажлаар очих үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д хүлээлгэн өгөхөө ноён Тапан Мишра өөрийн хэлсэн үгэндээ онцолж байлаа.

 

Үзсэн: 1063