Монгол-Кубын парламентын бүлгийн дарга БНКУ-ын Элчин сайдтай уулзлаа
УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Раул Делгадо Консепсион Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгааг дурдаад шинээр томилогдон ажиллах Элчин сайд нь Куба Улсын Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны хэлтэст олон жил ажилласан туршлагатай нэгэн болохыг танилцуулсан байна. Өнгөрсөн таван жил Монгол Улсад ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, тэр дундаа хоёр улсын парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол-Кубын парламентын бүлгийн дарга ноён Б.Бат-Эрдэнэтэй хамтран ажиллахад нэр төрийн хэрэг байсан гэлээ. Түүнчлэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг Бүгд Найрамдах Куба Улсад айлчлуулах урилга хэвээр байгааг тэмдэглэж, айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ноён Элчин сайдын үүрэг чухал байсныг онцлон тэмдэглээд Куба Улс нь олон жилийн өмнөөс Монгол оюутнуудыг Засгийн газрынхаа тэтгэлгээр их, дээд сургуульдаа суралцуулж ирсэн сайхан уламжлалаа хадгалан, одоо ч гэсэн анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож байгаад талархалтай байдгаа илэрхийлээд ноён Раул Делгадо Консепсионы цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.
Үзсэн: 732
Tweet