Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Чех улс руу анх удаа авто замаар ачаа тээвэрлэлээ


Densmaa 2021-11-01 03:11

Монголын тээвэрчид Европын холбооны Бүгд Найрамдах Чех улс руу энэ сард авто замаар анх удаа тээвэр хийсэн талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

      Тодруулбал, “Монтрансавто” ХХК болон “Хар анар” ХХК-ийн дөрвөн автомашин БНХАУ-ын Эрээн хотоос маск, эмнэлгийн бээлий, тоног төхөөрөмж болон бусад дамжин өнгөрөх ачаатай энэ сарын 11-нд хөдөлж, 23-нд Чех улсад хүргэлээ. УИХ-ын 2020 оны  52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээтэй зам, тээвэр ложистикийн сүлжээг хөгжүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхээр тусгасан. Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, Ардчилсан Солонгос, Унгар, Литва зэрэг 11 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газрын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлт гүйцэтгэж байна. Энэ оны наймдугаар сарын 19-нд Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газрын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурснаар Монголын тээвэрчид хэлэлцээрийн хүрээнд нийт 12 улстай олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой боллоо.

Үзсэн: 1053