Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Зууны түүх-зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна


Densmaa 2021-10-27 11:10

Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Зууны түүх-зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ.

      1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо Ардын Засгийн газар ба ЗСБНОУ-ын Засгийн газар хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Хоёр орны харилцааны нэгэн зууны хөгжлийн түүхийг ирээдүй хойч үе, хүүхэд, залууст сурталчлан таниулах, мөнхлөн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг, Гадаад харилцааны яам болон бусад байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

     Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Өнгөрч буй 100 жил бол Монгол, Орос ард түмний хил залган оршиж өргөн хүрээнд харилцаж байсан түүхэн нэг хэсэг хэдий ч хоёр улс бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан зөвшөөрч олон улсын  харилцааны шинэ зарчим, хэм хэмжээг баримтлан эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн үе байснаараа түүхэн онцлогтой юм" гээд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан нь улс төрийн өндөр итгэлцэл, өргөн хүрээний нийтлэг эрх ашгийг харуулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэлээ.

      ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович хэлэхдээ, “Гэрэл зураг бол түүхэн үйл явдал болон эдгээрийн болж өнгөрсөн уур амьсгалыг хамгийн үнэн зөвөөр харуулдаг эх сурвалж юм. Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургууд Монгол, Оросын харилцааны 100 жилийн түүх болон бусад үйл явдлын талаар тодорхой ойлголт төсөөллийг өгч, тус үйл явдлуудыг том зургаар харах боломж олгоно гэдэг итгэлтэй байна” гэлээ. Гэрэл зураг бол эх түүхийн хамгийн хөдөлшгүй баримт нотолгоо болдгоороо гайхамшигтай. Түүхийг хэтийдүүлж, дутуудуулж, гоёж чимж эсвэл хасаж таналгүйгээр болсон үйл явдлыг яг тэр дүр байдлаар нь мөнхлөн үлдээдэгт гэрэл зургийн онцгой үнэ цэн оршдог. Мөн үгээр зураглан өгүүлбэл хэчнээн хуудас эзлэх үйл явдлыг ганцхан гэрэл зургаас хараад шууд ойлгож болдог онцлогтой. Энэхүү үзэсгэлэнд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, арми, их бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар болон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон түүхэн хүмүүсийн 200 орчим гэрэл зургийг толилуулжээ.  

Үзсэн: 911