“Tourism Forum Mongolia-2021” чуулган боллоо
Чуулганыг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулсан юм.
Манай улсын аялал жуулчлалын салбарын нэг зорилт болох нэг сая жуулчин авахын тулд 10 сая хүн рүү хандах хэрэгтэй байна. Ингэхдээ нэг цонхоор нэгдсэн байдлаар харж, дижитал дээр суурилсан бодит үр дүн гарах маркетинг хийх саналыг Монголын Маркетингийн холбооны ерөнхийлөгч Ш.Алтанбагана “Tourism Forum Mongolia-2021” чуулган дээр онцолж байлаа. БОАЖЯ, ГХЯ, Соёлын яам зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, тус Танхимын Аялал жуулчлалын зөвлөл, Монголын Аялал жуулчлалын холбоо, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү чуулганд оролцож аялал жуулчлалын салбарыг сэргээх стратегийг хамтдаа хэлэлцлээ. Чуулган “Ковидын болон дараах үеийн маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх зүйлс”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн 3 сэдвээр болсон. Чуулганыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн форумаар судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон ТББ-ууд, аялал жуулчлалын салбарт ажиллагсад гээд төр, хувийн хэвшлийнхнийг нэг дор цуглуулж байна. Ингэснээр салбарын цаашдын хөгжлийн шинэ санаа, шийдэл, санал зөвлөмжийг гаргах онцлог, давуу талтай. Аялал жуулчлалын салбарыг сэргээх гарцыг тодорхойлоход салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал" гэдгийг онцолж байлаа.
Үзсэн: 834
Tweet