Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.


Densmaa 2021-10-26 11:10

УИХ-ын чуулганы өнгөрөгч 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

    Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан танилцуулгадаа “Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирлээ. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ байгуулах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүгд хуралдаанаар санал хураалтаар баталсан. Уг гэрээнд 2021 оны 5 дугаар сарын байдлаар 86 улс гарын үсэг зурсан, 54 улс соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон байна. Энэхүү гэрээний 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн дагуу гэрээг 50 улс соёрхон баталсан тул 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршиж байгаа юм. Гэрээ нь цөмийн эрчим хүчийг хөдөө аж ахуй, анагаах ухаан, шинжлэх ухаан, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг энхийн зорилгоор ашиглахыг бүрэн дэмжсэн. Гэрээний хориглох, үүрэг хүлээлгэх, хэрэгжүүлэх заалт нь гэрээний хүмүүнлэгийн зорилго, цөмийн зэвсгийн эсрэг олон улсын хэм хэмжээг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байх юм. Гэрээний эдгээр зохицуулалтыг манай улс дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн ззвсэг, эсхүл цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжтэй холбогдсон үйлдэл, үйл ажиллагаа явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглосон байдаг. Манай улс гэрээг соёрхон баталснаар цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход ач холбогдолтой юм” хэмээн танилцуулсан. Хуулийн төслийг хэлэлцэн батлахыг УИХ-ын нийт гишүүдийн олонх дэмжсэнээр Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хууль батлагдсан юм.

Үзсэн: 680