Цар тахал дэгдсэнээс хойш манай улс гадаадын 52 улсаас 18 392 иргэнээ эх оронд нь авчирсан
Зөвхөн энэ сард Австрали, АНУ, Казахстан болон бусад чиглэлд 17 тусгай нислэг үйлдэж 4000 гаруй иргэнээ татах юм
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш манай улс гадаадын 52 улсаас 18 392 иргэнээ эх оронд нь авчирсан. Зөвхөн энэ сард Австрали, АНУ, Казахстан болон бусад чиглэлд 17 тусгай нислэг үйлдэж 4000 гаруй иргэнээ татах юм. Өнөөдрийн байдлаар 53 улсаас 12461 иргэн нутаг буцах хүсэлт гаргасны дотор монголчуудын хамгийн олноор оршин суудаг АНУ-аас 2400 гаруй, БНСУ-аас 4500 гаруй, Австралиас 1100 орчим иргэн хүсэлт ирүүлжээ. ГХЯ санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд туслах гарц гаргалгааны талаар өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжтайгаар Прагаас 185 хүний зардлыг бүрэн дааж, Бразил, Туркэд хүнд нөхцөлд орсон иргэдэд хүнсний болон бусад тусламж үзүүлжээ. Мөн өнгөрсөн 6 сард Туркэд байгаа 200 гаруй өрхөд “Иргэдэд туслах” сангаас хүнс болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна.
Үзсэн: 798
Tweet