“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”-тэй танилцлаа
600 ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих юм
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Төслийн хүрээнд газрын тос боловсруулах үндсэн технологийн 12 байгууламж, дагалдах байгууламж, дэд бүтэц, үйлдвэрийн хотхон барина. Нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу явж байгааг үйлдвэрийн удирдлагууд тэмдэглэв. Манай улс жилдээ 1 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн гадаадаас худалдан авдаг. Харин тэр мөнгө дотоодод үлдэхийн хэрээр валютын ханш тогтворжих бөгөөд ДНБ 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллароор өсөх урьдчилсан тооцоо гарсан. Түүнчлэн 600 ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих юм. 2017 онд байгуулсан “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь 70 гаруй инженер, техникийн ажилтантай. Нийт ажиллагсдын талаас илүү хувь нь гадаадад боловсрол эзэмшжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Үзсэн: 1293
Tweet