Нийслэлийн хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг онцлогтой
Өв соёлыг хүүхэд залууст танин мэдүүлэхэд голчлон анхаарч байна гэдгээ онцоллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Соёлын сайд С.Чулуун нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Монгол Улс 24 жилийн дараа соёлын асуудал эрхлэх бие даасан Соёлын яамтай болсонд баяртай байна. Нийслэлээс хэрэгжүүлж буй соёлын чиглэлийн бодлого үйл ажиллагаа, өв соёлыг хамгаалах, засварлах, хадгалах, хүүхэд залууст танин мэдүүлэх гээд олон ажлыг Соёлынхоо яамтай хамтарч зохион байгуулах болно. Нийслэлийн хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг онцлогтой. Монгол Улсын өв соёлын нэгэн том цөм болсон нийслэл хотын өв соёл, түүх дурсгалыг хүүхэд, залууст уламжлуулан таниулах, хадгалах хамгаалах шаардлага бий” хэмээв. Соёлын сайд С.Чулуун, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гурван чиглэлийн нэгд соёлын салбарын асуудлыг тусгасан. Энэ нь төр, засгаас соёлын салбарт анхаарч байгаагийн илрэл юм. Бидний хувьд нийгмийг соёлжуулах, өв соёлыг хүүхэд залууст танин мэдүүлэхэд голчлон анхаарч байна” гэдгийг онцоллоо.
Үзсэн: 879
Tweet