НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг оновчтой арга хэмжээ авч ажиллаж байгааг сайшаав
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил, хүч чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ноён Тапан Мишра болон НҮБ-ын системийн байгууллагуудад талархал илэрхийлэв. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг оновчтой арга хэмжээ авч ажиллаж байгааг сайшааж, энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхмаасаа ухарч болохгүйг анхаарах учиртай гэв. Мөн НҮБ ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх ажлынхаа хүрээг тодорхойлохоор ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард УИХ-аар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлуулсан. Энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны урт, дунд, богино хугацааны төлөвлөлтүүдийг хийхээр ажиллаж байна” хэмээн танилцуулав. Түүнчлэн НҮБ-аас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал. Иймд уул уурхайгаас гадна уламжлалт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингээн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавих шаардлага үүсэж байгааг дурдлаа.
Үзсэн: 1136
Tweet