Дэлхийн оюуны өмчийн байгууллагын чуулган эхэллээ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн манай улсын байр суурийг илэрхийлэв
Гишүүн 192 улсын 1000 орчим төлөөлөгч оролцож буй энэ удаагийн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын чуулган эхэллээ. Дэлхий даяар 3,2 сая патент, 12,4 сая барааны тэмдэг, 1,2 сая бүтээгдэхүүний загварыг бүртгүүлэхээр мэдүүлсэн нь улс орнуудын эдийн засагт оюуны өмч, биет бус хөрөнгийн оруулж буй хувь нэмэр, ач холбогдол өсөн нэмэгдэж байгаагийн илрэл болохыг цохон тэмдэглэв. Чуулганы эхний өдрүүдэд явагдаж буй ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн манай улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улс оюуны өмчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлд үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар энэ оны 5 дугаар сард “Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний семинар, “Зохиогчийн эрх эдийн засаг болон соёлын хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт бүсийн чуулганыг тус тус зохион байгуулсанаас гадна Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудын инновац, технологийн чадавхыг дээшлүүлэх түншлэл” олон улсын хурлыг 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг онцлон дурдав.
Үзсэн: 1054
Tweet