“Миний эх орон” симфонийн I ангиар эхлүүлнэ
Монголын суу билэгт хөгжмийн зохиолчдын нэг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно
Улсын филармонийн концертын танхимд Монголын суу билэгт хөгжмийн зохиолчдын нэг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно. Мэргэжлийн хөгжмийн урлагийн байгууллагууд дор бүрнээ нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудаас шинэ үеийн үзэгч, сонсогчдод хүргэх ажил зохион байгуулахаар бэлтгэж байна. Концертыг алдарт хөгжмийн зохиолчийн “Миний эх орон” симфонийн I ангиар эхлүүлэх бол гоцлол хөгжимчин Д.Азбилэг “Уянгын сонат”-ыг нь гоцлон тоглож үргэлжлүүлэх ажээ. Л.Мөрдоржийн “Аз жаргалын минь эх орон” хэмээх симфони бүтээлийг залуу удирдаач Б.Анар удирдан тоглуулах юм байна. Ёочин хөгжимд зориулсан “Хаврын шувууд ирлээ” гоцлолыг Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Б.Алтантуул үзэгчдэд хүргэнэ. “Монгол кино” үйлдвэрийн шилдэг бүтээлүүдийн нэг “Анхны алхам” киноны “Хунгийн дуу”-г Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр дуулна. Концертыг Ардын жүжигчин Л.Мөрдоржийн хөгжмийн шилдэг бүтээл “Алтан өргөө” киноны хөгжмийг тоглож өндөрлүүлэх ажээ.
Үзсэн: 2087
Tweet