Төрийн айлчлал хийнэ
Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсоор уулзаж хэлэлцээ хийнэ. Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна.
Үзсэн: 3611
Tweet