ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилна
Айлчлалын үеэр Монгол Улс ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа" болгох юм
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад есдүгээр сарын 2-нд айлчилна. В.Путины айлчлалын үеэр Монгол Улс ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа" болгох юм. Ингэснээр хоёр улсын харилцаа нэг шат ахина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмиртий Медведев Монгол Улсад 2009 онд албан ёсоор айлчлахад “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал” батлагдаж байсан. 2014 онд Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэрээ 1993 онд хоёр улсын хооронд хийгдсэн визийн горимыг хөнгөвчилж, хоёр улсын иргэд харилцан 30 хоногийн дотор визгүй зорчдог болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь БНХАУ-тай Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаатай байгаа бол АНУ-тай наймдугаар сарын эхээр стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Япон, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай байгаа билээ.
Үзсэн: 1401
Tweet