Нобелийн шагналтан профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Ноёори Монгол Улсын дээд боловсролын салбарын хөтөлбөр, зорилгыг сайшаагаад түүнд хүрэхэд шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг санууллаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нобелийн шагналтан, Япон Улсын Нагояа их сургуулийн профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг хичээлийн шинэ жилийн нээлт тохиох энэ өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирж багш, эрдэмтэн, оюутан, судлаач нарт өөрийн лекцийг толилуулах гэж буй профессор Ноёорид талархал илэрхийлээд Монгол-Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна гэлээ. Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд нэгдэн орох зорилгын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр туршлага судлах хүсэлтээ илэрхийлэв. Нобелийн шагналтан Ноёори Монгол Улсын дээд боловсролын салбарын хөтөлбөр, зорилгыг сайшаагаад түүнд хүрэхэд шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг санууллаа. Түүнчлэн гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж, харилцан суралцахыг зөвлөв.
Үзсэн: 1021
Tweet