Хөвсгөл нуур нь дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг
Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо сүүлийн 5 жилийн дотор 3 дахин нэмэгджээ
Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож, шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн. Дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай цэнгэг уст нуур юм. Хөвсгөл нуурын экосистемийн хувьд эмзэг бүс нутагт багтах бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн бүс нутгийг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэхийн хирээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн тоо зах зээлийн эрэлтийг даган өсчээ. Нуурын эрэг орчмын аялал жуулчлалын өнөөгийн байдлыг дурьдвал, 2013 онд дунджаар 32 мянга гаруй жуулчин Хөвсгөл нуурын БЦГ-т аялж байсан бол 2018 онд 120 мянга болж өссөнөөс үзэхэд 5 жилийн дотор 3 дахин нэмэгджээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, шалгалтын үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.
Үзсэн: 1399
Tweet