Маркийн нээлтэд оролцов
Туркийн бахархалт Алтанзул цэцгийг дүрсэлсэн байна
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд гаргасан маркийн анхны өдрийн нээлтэд оролцлоо. Маркийг хоёр улсын шуудангийн байгууллага хамтран гаргасан бөгөөд энэ нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны хөгжлийг бэлгэдсэн тэмдэглэлт үйл явдал болж буйг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан нээлтийн үеэр онцоллоо. Тэрээр Монгол Улсад марк үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд мэндэлсэн энэхүү маркийн сэдэв, агуулгыг бүтээлцэж, хамтран ажилласан судлаач, түүхч, зураач, дизайнерүүдэд талархал илэрхийллээ. БНТУ-ын Үндэсний их хурлын дарга, ноён Мустафа Шентоп хамтарсан марк гаргаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, “Манай хоёр улсын дипломат харилцаа 50 жилийн түүхтэй ч 1000 гаруй жилийн өнө эртний уламжлалт харилцаатай. Бид соёл, зан заншлын хувьд ижил төстэй зүйл олон. Энэ айлчлал нь шинэ цагийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Маркийн Үндсэн хэсэгт Туркийн алдарт Босфорын гүүр дээгүүр Монголын Иргэний агаарын тээврийн онгоц нисэж байх бөгөөд Туркийн бахархалт Алтанзул цэцгийг дүрсэлсэн байна. Мөн Туркийн агаарын хөлөг онгоцыг үндэсний хувцастай монгол бүсгүй хадаг, мөнгөн аягатай сүүгээр угтаж буйгаар дүрсэлж, Бэр цэцгийг бэлгэдэн багтаажээ. Харин доод хэсэгтээ чимэглэл болгон хоёр улсын эртний уламжлалт харилцааг харуулах үүднээс түүхэн дурсгалт газруудын дагуу торгоны замаар явж буй тэмээн жингийн цувааг дүрсэлжээ. “Монгол Улс, БНТУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт энэхүү марк нь өнөөдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарч байна.
Үзсэн: 1145
Tweet