Ирэх онд Монгол-Унгарын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо
Унгарын технологийг Монголын нөөц боломжтой хослуулан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто бараалхав. Уулзалтын эхэнд, Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд тохиох Монгол-Унгарын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өмнө хоёр улсын харилцааны түүхэн бүтээн байгуулалт болох Биокомбинатын технологийг шинэчлэх ажлыг түргэтгэх асуудлыг онцлон тэмдэглэлээ. Унгарын талаас дээрх технологийн шинэчлэлд зориулан 57 сая ам.долларын зээлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн бол манай улс дотооддоо зээлийн асуудлыг соёрхон батлах шаардлагатай байгаа юм. Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто дээрх асуудлаар ижил байр суурьтай буйгаа илэрхийлж, Унгар улсын ЭКСИМ банк хоёр улсын хамтын ажиллагаанд зориулан 46 сая ам.долларын зээлийн шугам нээсэн хэмээн мэдэгдэв. Энэхүү зээлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналын дагуу Унгарын технологийг Монголын нөөц боломжтой хослуулан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Ийнхүү бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дээд хэмжээний уулзалт, айлчлалаас илүүтэй эдийн засгийн харилцааг дэмжих байнгын механизмтай болох, энэ асуудлыг Гадаад харилцааны сайд нар онцгойлон анхаарах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Төрийн тэргүүн хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улс аялал жуулчлал, усны менежмэнт, экспортын чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо арвин буйг онцолж, эдгээр салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Үзсэн: 1237
Tweet