“Алтай” клипийг олон түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна
Шинэ уран бүтээлийн дүрс бичлэгт бүргэдчин охин Н.Айшолпан аавынхаа хамт тогложээ
Ардын язгуур урлагийн “Бөртэ” хамтлагийн “Алтай” шинэ уран бүтээлийн дүрс бичлэгт бүргэдчин охин Н.Айшолпан аавынхаа хамт тогложээ. "The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин хүйсээр ялгаварлах үзэл ойлголтыг өөрчилсөн хэмээн үнэлэгдэн, Ази болон дэлхийн нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хоёр жилийн өмнө хүртсэн юм. Тухайн үед түүний аав ярихдаа, "Олон зууны турш зөвхөн эрчүүд л бүргэдээр ан хийдэг гэсэн ойлголтыг охин минь халсан" гэж байсан билээ. “Бөртэ” хамтлагийн "Говь" хэмээх анхны уран бүтээл одоо ч эгшиглэж, клипийг нь үзсэн олон жуулчныг Монгол орон руугаа татсаар байгаа байна. Энэ уран бүтээлийнхээ үргэлжлэл болгож, есөн жилийн дараа “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргэхэд бэлэн болоод байгаа юм.
Үзсэн: 1153
Tweet