Бээжин хотын дарга Чень Жинэнтэй уулзав
Хотын хамтын ажиллагаа нь хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэх, ард иргэдийн анд нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцлов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “Нэг бүс, нэг зам” форумын “Орон нутгийн хамтын ажиллагаа” салбар хуралдаанд оролцов. Хуралдааны үеэр, Хятадын Үндэсний хурлын танхимд Бээжин хотын дарга Чень Жинэнтэй уулзаж, хоёр хотын найрамдах харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт хөгжиж байгааг хотын дарга С.Амарсайхан дурдаад, хотын хамтын ажиллагаа нь хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэх, ард иргэдийн анд нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцлов. Бээжин хотын дарга Чень Жинэн Бээжин хотынхоо хөгжлийн шинэ төлөвлөлтийг орчин үеийн технологийн ололт, инновацитай хослуулан дэлхийд жишиг болгохоор зорьж буйгаа дурджээ. Цаашид талууд хот төлөвлөлт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, урлаг, хүмүүнлэгийн болоод хотод нэн хэрэгцээтэй нарийн мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Үзсэн: 958
Tweet