Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг хүлээн авав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийв. Талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцохдоо өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд, БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд голчлон анхаарч ажиллах болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын баг гаргахаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, энэхүү сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээв. Дээрх төслөөс гадна ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Үзсэн: 1280
Tweet