Сайхан Монгол ээж
Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү баярыг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй юм. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, эхчүүдийн төлөө Засгийн газраас хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр, "Манай улс хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 68 дугаар байрт бичигдэж байна. Энэ муу үзүүлэлт биш. Гэхдээ тайвширч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг буурч байна. Гэхдээ хүчирхийлэл байсаар л байна. Өнөөдөр төрийн албанд ажиллагсдын 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч тэдний дундаж цалин эрчүүдийнхээс доогуур байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэнэ" гэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар цаашид ч онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.
Үзсэн: 3863
Tweet