Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр
Баян-Өлгий аймагт бүргэдийг анд сургасан 450 гаруй анчин байдаг ажээ. Аймагтаа уралдаж, шилдгээр шалгарсан 20 гаруй бүргэдчин УБ хотод ийнхүү цугларч Бүргэдийн баярт оролцлоо
Монгол орны Алтай хязгаарт суух казах түмнийг бүргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй.
“Бүргэд эзэндээ үнэнч. Гэрт бүргэд байхад хар, цагаан хэл амыг зайлуулж чаддаг” гэж казак түмэн билгэшээдэг. Бүргэдийг гаршуулан ан авд сургаж ирсэн нь одоогоос 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй. Эх түүхээ сурталчлах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг УБ хотын ойролцоох “Чингисийн хүрээ” жуулчны баазад 12 дахь жилдээ зохион байгууллаа.
Эмээлийн бүүрэгтээ эрдэнийн гоёмсог чулуу, мөнгөн хөөмөл эдлэл шигтгэн, үнэг, мануулын шинэхэн арьс ганзагалж, чонын арьсан дээл, малгайгаар гоёсон бүргэдчид залуу сайхан бүргэдийг гартаа өргөсөөр мориныхоо жолоог талибан талбайд гарч ирлээ. Зүс алаглах морьдын төвөргөөнөөр анч бүргэдийн парад эхэлсэн юм.
Цэнхэр туг салхинд намирахад дээр нь үзэгдэх бүргэдийн дүрс, эгнэн зогссон бүргэдчдийг хараад үзэгч олны сэтгэл догдлохын зэрэгцээ биширч байлаа.
Баярт оролцохоор 1700 км алс Баян-Өлгий аймгаас 20 гаруй анчин бүргэдтэйгээ ирснээс хамгийн балчир нь 14 настай байлаа. Энэхүү баярын үеэр казах үндэсний ёс заншлаас танилцуулан, үндэсний гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргасан нь жуулчдын сонирхлыг ихэд татаж байсан юм. Мөн уламжлал ёсоор “Бүргэдийн баяр”-аар хамгийн сайхан үндэсний хувцастай, хамгийн сайхан морины тоноглолтой бүргэдчинг шалгаруулж, бүргэдээр ан бариулж, тулам булаалдаж, хаан бүргэдийг шалгаруулах тэмцээн боллоо. “Бүргэд ан хийх эрдмээ эзнээсээ өөр хүнд үзүүлдэггүй. Анх л гаршуулсан эзнээсээ өөр хүнд очдоггүй” гээд бүргэдээр ан хийх онцлог ихээ. Эхний тэмцээн бүргэдчид хэн нь бүргэдээ сайн сургаснаа хурсан олонд харуулах тэмцээн байлаа. Анчин тавь гаруй метрийн зайд очиж зогсуут араас нь бүргэдийг нисгэнэ. Бүргэд эзнийхээ хөг аялгуугаар баруун гар дээр очиж буух боловч хамгийн богино хугацаанд очсоноор нь энэ тэмцээнийг шүүдэг ажээ. Бүргэдийг тавингуут олон хүн дуу гаргаж, шуугилдахад тэр дундаас эзнийхээ дууг танин гар дээр ирэх Бүргэдийг цугласан олон магтан шаагиж байсан юм.
Казак түмний үндэсний хувцас нь монгол дээлнээс өөр хэв загвартай. Бүргэдийн баярт оролцогсод хамгийн сайхан үндэсний хувцастай бүргэдчин, хамгийн сайхан тоноглолтой бүргэдээ шалгаруулдаг. Энэ тухай Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас ирсэн А.Ирек “Бүргэдчний хувцас өвөрмөц онцлогтой. Малгайн гадна талыг үнэгний арьсаар, дотор талыг эсгийгээр хийнэ. Дээлийг жаркак гэдэг, унаганы арьсаар хийдэг бол өмдийг хонины арьсаар урладаг. Казак гутал өвдөг хүрсэн, дотроо тусгай оймстой. Бүргэдээр ан хийхдээ нас биед хүрсэн, номхон боловч чадалтай морь голчлон унадаг” гэж сонирхуулан ярьсан юм.
Бүргэдийн баярыг ССАЖЯамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр “Бүргэдийн баярыг тогтмол өдөртэй болгон, жуулчдад сурталчлах болно” хэмээн “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхий зохицуулагч Должинсүрэн ярьж байсан юм. " Бүргэдийн баяр нь хаврыг угтсан Наурызын баярын өмнөхөн болдгоороо онцлогтой. Энэ жилийн баярын нэг онцлог гэвэл Баян-Өлгий аймгийн Булган сум буюу хамгийн хол сум 300 км-ээс 78 настай бүргэдчин Аксакал гуай анх удаа оролцож, нийслэл хотдоо анх удаа хөл тавьж байна. Тэр хүнээс суралцах зүйл асар их бий. 4 үе дамжсан бүргэдчин ийм хүн юм. Бүргэдээр анх хийх уламжлал 6000 жилийн түүхтэй гэдэг. Баян-Өлгий аймгийн казах ард түмэн маань 2000 жилийн турш бүргэдээр анх ав хийж энэ уламжлалаа хамгаалж, өв дамжуулж ирснээрээ онцлог юм. Бүргэдээр анх хийх бас нэг онцлог нь монгол талаасаа морин дээрээс бүрэгдээр анх хийдэг онцлогтой. Бусад газар тухайлбал Казахстан, Арабын нэгдсэн Эмират гээд Арабын улсуудад жижиг шувуу буюу харцага, шонхороор ан хийдэг. Казахстанд бүргэдээр анх хийдэг ч гэсэн явганаар морьгүйгээр хийдэг байна. Бас нэг зүйл хэлэхэд Монголын бүргэдчидийн холбоо сүүлийн 5 жил Казахстан улс руу явж Казахстаны бүргэдчдэд сургалт семнар зохион байгуулж, аргачлалаа зааж өгч байна" гэлээ.
Монголчууд бид 2010 онд бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Бүргэдийн баярыг 1999 оноос эхлэн Баян-Өлгий аймагт зохион байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд гадна дотны жуулчдыг татах зорилгоор УБ хотын ойролцоох жуулчны баазад ийнхүү зохион байгуулж байна. Жуулчдын хамгийн их сонирхож буй тэмцээн нь бүргэдээр ан хийх байсан юм. Нас бие гүйцсэн бүргэд ямар ч анг төвөггүйхэн барьж ирдэг бөгөөд анчин хүн ан болгоныг аваад байдаггүй байна. Бүргэдийг хэдийнээс анд сургадаг, анчин бүргэд ямар олз омогтой ирж байсан тухай бид бүргэдчдээс сонирхсон юм.
Наурек: Миний энэ бүргэд нэг настай блапан гэж нэрлэдэг.
Сурв: Нэг настай бүргэд ямар хүч чадалтай байдаг вэ.
Хүч чадал байдгийн. Түүнийг сургах хэцүү.
Сурв: Та бүргэд сургадаг арга барилаас танилцуулна уу.
Бүргэдийг ангаахай байхаас нь аваад тэжэээнэ дээ. Гартаа дуудаж сургана. Тэгээд бүргэдчин болгон гартаа ангийн арьсаар бээлий хийж бүргэдээ гар дээрээ суулгаж сургана. Мах үзүүлж, гартаа дуудаж сургадаг.
Би Баян-Өлгий аймгийн иргэн Пэгж байна. Арвангурван наснаас эхэлж, мориор уралдаж, бүргэд барьсан хүн.
Сурв: Та бүргэдийнхээ тухай танилцуулна уу.
Миний бүргэд зургаан настай. Зургаан жил нилээн олон ан барьлаа. Гурван чоно барьсан. Гэхдээ чоныг авч үлдээгүй. Энэ хөлний сарвууг чоно барьсан ул мөр нь байна даа.
Сурв: Та морь ч уяж, бүргэд анд сургаж байсан хүн байна. Бүргэдийг ан авд яаж сургадаг юм бэ.
Бүргэдийг ан сургахад бага наснаас нь эхлэнэ дээ. Зургаан настай бүргэдийг парчин гэдэг.
Сурв: Зургаан настай бүргэд ямар онцлогтой байдаг вэ.
Туршлагатай болно. Хүч чадал сууна. Эзнийхээ дуу хоолойг таниад араас очно.
Сурв: Та энэ бүргэдийнхээ юуг нь харж авав.
Хамгийн түрүүнд нүдийг нь харсан. Гадна талын биеийн байдал. Хөлийн сарвуун дээр үе байдаг. Энэ үе олон байх тусмаа хаан бүргэдийн шинжийг агуулдаг.
Баян-Өлгий аймагт бүргэдийг анд сургасан 450 гаруй анчин байдаг ажээ. Аймагтаа уралдаж, шилдгээр шалгарсан 20 гаруй бүргэдчин УБ хотод ийнхүү цугларч Бүргэдийн баярт оролцлоо.
Бүргэд нас биед гүйцэхээрээ найм орчим кг татдаг. Энэ үеэр бүргэдтэй зургаа татуулах гэсэн жуулчин олон байсан. Манай нэвтрүүлэгт Австралиас ирсэн жуулчид оролцож байна. Монгол нутагт гурван сарын эх гэдэг цас хунгарагласан ч, хаврын нар ээсэн, өдөртөө нэмэх тав, шөнөдөө хасах арав гаран градустай байдаг.
Бүргэдийн баярын үеэр аясын салхи үе үе сэвэлзэж, цаг агаар тогтуун байсан. Харин “Австрали оронд энэ үед зуны улирал үргэлжилж өдөртөө нэмэх 35 градустай байгаа” гэж жуулчид яриагаа эхлүүлсэн юм. Тэрээр "Бүргэдийн баярт оролцож байгаадаа баяртай байна. Бүргэдийг урьд нь хэзээ ч ийм ойрхноос харж байгаагүй бөгөөд их сүр хүчтэй амьтан болохыг улам бүр мэдэрлээ. Байгалийн энэ их сүр хүчит амьтанд эрдэм заана гэдэг тэр бүр хүний хийгээд байдаггүй ажил. Казак түмнээр маш их бахархаж байна" гэсэн бол австралийн өөр нэгэн жуулчин "Найзуудтайгаа монгол оронд ирсэндээ маш их баяртай байна. Олон анчин морио унан, бүргэдээ гар дээрээ суулган явааг харахад их сүрдмээр сайхан юм. Энд олон үе дамжсан бүргэдчид, мөн олон жил бүргэд сургаж яваа анчид оролцож байна. Бүргэд зөвхөн эзнийгээ дуудахад очдог, өөр хүнд сурсан эрдмээ үзүүлдэггүй гэхийг сонслоо. Бүргэд маш их ухаантай, сүрлэг юм. Бүргэдтэй зургаа татуулж, казак түмний ёс заншилтай танилцсандаа баяртай байна" гэлээ. Сонирхуулахад, Монголд 150 гаруй мянган казах иргэн аж төрдөг гэсэн судалгаа бий. Тэдний 90 гаруй мянга нь Баян-Өлгий аймагт аж төрдөг билээ.
Домбор хөгжмийн ая эгшиглэсэн Бүргэдийн баярыг “Чингисийн хүрээ” жуулчны баазад жил бүр зохион байгуулахаар ССАЖЯамнаас төлөвлөсөн. Монгол наадам 7-р сарын 11 нд болдгийг манай сонсогчид мэднэ. Энэ үеэр гадна дотны жуулчид монгол орноор хийх аяллаа төлөвлөн ирдэг.Тэгвэл өвлийн улиралд жуулчдад зориулсан ямар үйл явдал хэзээ, хаана болохыг аялал жуулчлалын календарь гарган жуулчдад сурталчлах юм. Ингэснээр монгол өв соёлоо дэлхийд сурталчлах, жуулчдыг татах боломж улам бүр нээгдэнэ гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Үзсэн: 2786
Tweet