"Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав
Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур урлаг.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр нь манай улсын авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна. Өнөөгийн байдлаар, “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийг бүртгэж батлаад байна. Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур урлаг, 23 хувь нь гар урлал, 11 хувь нь эх хэл, аман уламжлал, дөрвөн хувь нь үндэсний уламжлалт баяр ёслол, зан үйл, хоёр хувь нь байгаль ертөнц, цаг улиралтай холбоотой ардын амьдрал, ахуйн уламжлалт мэдлэг, арга ухааны ангилалд хамаарч байна.
Үзсэн: 1009
Tweet