Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлнэ
Эрүүл мэндийн 139 ажилтан 31 чиглэлээр БНСУ, БНЭУ, Япон, БНФУ, ОХУ, Шинэ Зеланд, БНХАУ-д 5-160 хоногийн сургалтад суралцана.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлийн сургалтад жил бүр явуулна хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өндөр хөгжилтэй улсад суралцахаар явах гэж буй эрүүл мэндийн ажилтнуудтай уулзах үеэрээ онцлов. Тэрбээр хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх бодлого бол салбарынхаа ажилтнуудын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх явдал. Энэ нь дотоод болон гадаад сургалт юм. 2018 онд эмч, мэргэжилтнүүдийн сургалт, боловсролд зарцуулахаар 2.8 тэрбум төгрөг төсөвт суулгаснаар 95 эмч, мэргэжилтнийг өндөр хөгжилтэй оронд сургасан. Шинээр эмч нарыг ээлж дараалан явуулахаасаа илүү давтан сургалтад хамруулах, тухайн чиглэлээр мэргэшүүлэх, улмаар үндэсний сургагч багш бэлтгэх чиглэлээр багаа сонгож байгаа. Улсын төсвөөс санхүүжүүлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр сургалтыг жил бүр явуулна” хэмээв. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн 139 ажилтан 31 чиглэлээр БНСУ, БНЭУ, Япон, БНФУ, ОХУ, Шинэ Зеланд, БНХАУ-д 5-160 хоногийн сургалтад суралцах юм.
Үзсэн: 1329
Tweet