Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Бурхан Халдун" хайрхны тахилга


Densmaa 2018-11-14 05:11

Эртний эвдрэлцсэн овог аймгууд “Дээд цагаан арал” дээр ирж эвлэрдэг байсан гэдэг.

Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөннутаг төдийгүй монголчуудын эрхэмлэн тахин шүтдэг уул. Бурхан Халдун  уулын нэр 1200-аад жилийн  өмнөөс түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авч улмаар 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат болгосон билээ. Түүнчлэн 2015 онд Германы Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас "Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авсан.

   Эрт дээр үед  Бурхан Халдун уулыг  “Дээд цагаан арал” хэмээх газраас тахидаг байжээ. Хамаг Монгол Ураг Удмын Нэгдсэн эвлэл, Хамаг Монголын овоо  зэрэг төрийн бус байгууллага хувь хүмүүстэй хамтран “Дээд цагаан арал” хэмээх газрыг сэргээх ажлыг  зохион явуулж байна. Ингэхдээ Монгол угсааны 999 удмынхны тахин шүтдэг байсан газар нутаг бүрийн овооны чулууг дээжлэн Бурхан Халдун хайрхны хүрэх замд байрладаг “Дээд цагаан арал” хэмээх газар залж байна. Энэ талаар Хамаг Монголын овоо Ураг удмын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Д. Бэгзжаваас тодрууллаа.

Их хориг гэж Эзэн хааны зарлиг бий. Энэ овоо байсан үед тэр хориг хэрэгжиж байсан. Монголчууд Дээд цагаан хайрхны ойролцоо байдаг тэр эртний их овоон дээрээс Бурхан Халдуныг тахидаг байж. Түүнээс цааш босгын даваа бий. Бурхан Халдуны босго тэнгэрийн давааг хоёрхон нөхцөлд давдаг байсан. Тухайлбал, Ихсийг онголох, хар сүлд догшруулах буюу цэнгүүлэхэд хоёр удаа давдаг. Үүнээс бусад тохиолдолд болдоггүй. Их хайрханы онгодууд гэж бий. Би өөрөө улаач хүн. Их хайрханы онгодуудын мэдээллийг авахад Босгын даваанаас нааш нэг овоо байгаа тэр овоонд хүндэтгэл үзүүл гэсэн. Тэр овоог нь хайсан боловч олоогүй. Тухайн үед нь хайж яваад Дээд хайрханы ойролцоо байдаг байсан манаач өвгөнөөс асуусан чинь энэ хавьд нэг эртний овооны буурь байгаа гэсэн. Эргээд их хайрханы онгодуудыг дахин залж байгаад асуусан чинь мөн сэргээ гэсэн юм. Түүхч Нагайбуу, Бөө судлаач Сүхбат зэрэг хүмүүстэй уулзаж байсан. “Дээд цагаан арал” гэдэг чинь эртний түүхтэй газар юм билээ. Хүннүгийн үед дахиж байсан гэж хэлсэн. Их хайрханаа тухайн газраас дахидаг болбол эзэн хааны их их хоригыг сэргээнэ. Их хайрханаа дошигруулахгүй. Одоо бол Бухан Халдун уул руу хэн дуртай нь гардаг. Дээр үед урианхайн 1000 цэргээр гурван давхар хамгаалалт хийж Бурхан Халдуныг хамгаалуулж байсан. Энэ уламжлал нь 1930-аад оноос мартагдсан.

Өнөөдрийн байдлаар Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан  аймаг  болон ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсын иргэд “Дээд цагаан арал” хэмээх газрыг сэргээх үйлсэд нэгдээд байна.  Тухайн орон нутгаас авч ирэх чулууг зүгээр нэг байрлуулдаггүй. Галын тахилга, Долоон бурхан болон Нарны тахилга, Их тахилга зэрэг тахилгуудыг тусгайлан үйлддэг ажээ.

Бэгзжав: Энэ овоо босохдоо эртнийхээрээ бол 999 хайрхнын чулуу цугларч байж бүтэх учиртай. Чулуу бол мэдээлэл дамжуулдаг. Эртний өвөг дээдэс маань бүгд өөр өөрийн нутаг усандаа дахидаг овоотой байсан. Овоогоороо дамжуулж бүгд нутаг усаа аргаддаг. Тэгээд түүгээрээ дамжуулж өвөг дээдэстэйгээ холбогддог байж. Гэтэл Манжын үед чулуу хөдөлгөвөл гурван жил уйлдаг хориглочихсон. Овоо бол чулуугаар бүтдэг. Тэгээд овоо босгохыг хориглочихсон. Өвөг дээдсийн ураг удмын овоо байхгүй усдаж үгүй болсон. Түүх шастираа мэдэг өвөгдүүд бол өөрсдийнхөө овоог үлдээчихсэн байдаг. Манай өвөө Хар азарганы нуруун дээр нэг овоо үлдээсэн байсан. Би очиж үзээд өвөөгийнхөө овоог голсон. Бусад нь ийм том овоотой байхад манай өвөөгийн овоо ийм жижиг гээд. Одоо хүмүүс мэдээд бусад овооноос том болчихсон тийм учиртай юм билээ. Ураг удам болгон өөр өөрийн овоотой байжээ. Тэр овоогоо сэргээж, чулуунаас нь “Дээд цагаан арал” дээр авч ирж байж эртний овоо маань сэргэх юм. Эртний эвдрэлцсэн овог аймгууд “Дээд цагаан арал” дээр ирж эвлэрдэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл эвлэрлийн цагаан арал юм.” Дээд цагаан арал” дээр очсон хүн бол хар буруу санадаггүй  муу  муухай үг хэлдэггүй тий цээртэй.

Өөрийн гэсэн ураг удмын овоогүй хүмүүс нутаг усныхаа хайрхнаас мэдээлэл авч байж тухайн чулууг залж авч ирэх учиртай гэж Хамаг Монголын овоо Ураг удмын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Д. Бэгзжав цааш ярьсан юм. Ингэхдээ лус савдагтай харьцдаг улаач нараар дамжуулж ураг удмынхаа мэдээллийг шингээсэн уулын чулууг авдаг ажээ.

Үзсэн: 1843

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна