Алдарт эхийн одонгоор 1958-2000 онд гэхэд л Улаанбаатар хотоос 42 мянга 489 эх шагнагджээ.
МУ “Алдарт эх” одонг 1958 оноос эхлэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн олон хүүхэдтэй эхчүүдэд олгож ирсэн байна.
Үндэсний төв архивт хадгалагдаж буй “Алдарт эхийн одон”-гийн холбогдох баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр эхийн одонгийн лавлагааг хялбар түргэн олгох бололцоог бий болгожээ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ.
2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байна. Тэдний төлөөлөл болсон 350 ээжид 6-р сарын 1 нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм.
Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан, ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бат бөх холбоос юм. Хүүхэд бол бидний бүх зүйл.ХХ зууны эхээр 700 мянга хүрэхтэй үгүйтэйд тооцогдож, мөхөж байгаа үндэстний тоонд бичигдэж байсан монголчууд ХХ зууны сүүлч гэхэд 2 сая дахь иргэнээ хүлээн авсан нь монгол төрийн олон зөв бодлогын нэг байсан юм. БНМАУ-ын үеэс Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого явуулж “хүүхдийн мөнгө”-ийг тусгайлан олгох, “хүүхдийн жил”-ийг тусгайлан зарлах зэргээр хүн амаа өсгөх бодлогыг тууштай явуулсны үр дүнд бид өнөөдөр 3 сая гаран иргэдтэй болсон билээ. Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл 2 хүүхэд төрүүлж, өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, 3-аас дээш хүүхэд төрүүлж, өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг ажээ. Алдарт эхийн одонг дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлж буй эхчүүдэд олгож байгаа нь Монголын төр үеийн үед хадгалж, дэмжиж, бэхжүүлж явах учиртай нандин уламжлал, залгамж бодлого юм. Энэ бол хамгийн шударга шагнал, хамгийн нандин, бахархал төгс одон. Хүндэт эхчүүд ээ, та бүхэнд хувиасаа болон нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс мэхийн ёслоё. Түүх болж үлдсэн эрт дээр цагаас өнөөдрийг хүртэл эхчүүд та нар минь монгол үндэстний бахархал, баяр баясгалан юм. Та бүхний үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа чин сэтгэл, цуцашгүй зүтгэлд талархаж байна. Монголын үрс маш олон болтугай. Монголын эхчүүдийн өлзий жаргалан үүрд уртад нэмэх болтугай” гэж ерөөв.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байгаа ээжүүдийн дотор урлаг соёлын алдартнууд цөөнгүй байлаа. Тэдний нэг нь өдгөө дөрвөн хүүхдийн ээж, залуухан, авьяаслаг жүжигчин Ч.Очгэрэл байлаа. Ч.Очгэрэл МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатич мэргэжлээр төгссөн ч урлагт хөл тавьж “Universe best songs” наадам оролцож, “Мартагдашгүй намар-2” кинонд Туулын дүрийг бүтээн, “Mongolian Beauty” тэмцээний фото моделиор тэргүүн байрыг эзэлж байсан юм. Түүнчлэн “Содура” киноны гол дүр,“Говийн домог” киноны Эсэргэн хатны дүрийг бүтээсэн билээ. Жүжигчин бүсгүй одоо 30 настай. Хоёр хүү, хоёр охинтой. Чадварлаг жүжигчин, алдарт ээж тэрээр “Миний үеийн хүмүүс харьцангуй их зоримог болсон байна” хэмээн хэлсэн юм. Эмэгтэй хүн нэг, хоёр хүүхэд гаргаад ирэхээр эмэгтэй хүний амьдралд их өөрчлөлт ордог. Ганц байгаа ертөнцийг хоёр, гурав хуваах болдог тэр үед их өөрчлөлт мэдрэгдэж байсан. Одоо бол жигждрээд гайгүй болж байна. Нас залуу байгаа болохоор бурхны бэлгийг цаашид ч гэсэн хүлээж авна” гэдгээ хэлсэн юм. Одон авсан ээжүүдийн сэтгэгдэл өндөр
Монголын бүх сайхан ээжүүддээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Намайг төрүүлж өсгөсөн ээж аавдаа маш их баярлалаа. Ээж аавдаа маш их баярлаж байна. Үр хүүхдүүдийн минь буян заяа үргэлж дэлгэрч байх болтугай. Би гурван хүүтэй саяхан нэг охин төрүүлсэн. Нэг ойтой. Алдарт эхийн 2-р одон авсандаа маш их баяртай байна. Дараа 1-р одонг нь мөн авна аа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол болсон юм. Алдарт эхийн одон НИТХ-ын дарга С.Амарсайхан гардуулан өгсөн билээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас Нийслэлийнхээ эмэгтэйчүүд ээжүүдэд хүндэтгэл үзүүлж алдарт эхийн одонг гардуулж өгч байгаа. Энэ бол хэдийгээр анх удаа зохион байгуулагдаж байгаа ажил ч гэсэн цаашид үргэлжлүүлээд зохион байгуулах ажил юм. Яагаад гэвэл амжилттай яваа эр хүн, аз жаргалтай байгаа айл гэр, хүүхэд багачуудын ар талд, улс орон байгууллагын ар талын хамгийн том хөдөлгөх хүч нь ээжүүд, эхчүүд, эмэгтэйчүүд байдаг.
НИТХ-аас хотын бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтэц болон бусад ахуйн шинжтэй асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна. Өндөр барилга, өргөн гудамж бий болгох нь бидэнд хэрэгтэй ч үүгээр хөгжил дэвшлийг хэмжих боломжгүй юм. Харин өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, зөв хүмүүжилтэй, нийгэмд эрүүл өрсөлдөж чаддаг иргэн хүнийг бий болох нь манай улсын хөгжлийн үнэ цэнэ байх болно. Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл аюулгүй орчинд өсөж торниж, сурч боловсрох ёстой. Энэ хүрээнд нийслэлд сургууль цэцэрлэгийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Амжилттай яваа эр хүн бүрийн ард амжилтыг нь тэтгэж байдаг эмэгтэйчүүд байдаг гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нэмж хэлсэн юм.
Үзсэн: 2216
Tweet