Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Уран сайхны гимнастикийн олон улсын наадам Монголд


Densmaa 2018-11-14 01:11

Манай улс энэ тэмцээнээс нийт 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж өмнөх амжилтаа ахиулан тивийн хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртсэн нь Монголын гимнастикийн спортын түүхэнд тодоор бичигдлээ.

   Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн УБ хотноо амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнийг Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэй Монголын Гимнастикийн холбооноос зохион байгуулсан юм. Монгол Улсад 1971 оноос уран сайхны гимнастикийн спортын төрлийг хөгжүүлж ирсэн 47 жилийн хугацаанд анх удаа тивийн цомын АШТ-ийг амжилттай зохион байгуулж байна. Тэмцээнд Тайвань, Хонконг, БНАСАУ, Энэтхэг, Казахстан, БНСУ, Киргиз, Тайланд, Узбекистан, Вьетнам, Монгол Улс зэрэг 11 орны 100 гаруй тамирчид, шүүгч, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцлоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр Узбекстан улсын иргэн, Азийн Гимнастикийн холбооны Уран сайхны гимнастикийн техникийн хорооны Ерөнхийлөгч Гизелла Филиппова ажилласан байна. Монголын Гимнастикийн холбооны дасгалжуулагч Б.Эрдэнэзаяатай сонсогч та бүхнийг уулзуулъя.

Б.Эрдэнэзаяа: Монгол улсад уран сайхны гимнастик үүсч хөгжөөд анх удаа А зэрэглэлийн том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхээ авсан. Цаашлаад азийн цомын аварга шалгаруулах тэмцээн жил бүр монгол улсад болно. БНСУ-ын тамирчин Seo Geoun хэмээх тамирчин ОХУ-Москава хотод бэлтгэл сургуулилтаа хийдэг. Хойд Солонгос, Казахстан зэрэг улсын шигшээ багын тамирчид нь оролцсон. Зарим улс орон багаараа дагнаж явдаг. Ихэнх нь хосолсон төрлөөр хөгжүүлдэг. Уран сайхны гимнастик зүүн ази талдаа илүү  өндөр хөгжсөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд европ тал руугаа хөгжиж байна. Манай гимнастикийн холбоо энэ тэмцээний эрхийг авснаасаа хойш тамирчдаа 2 жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Үүний үр дүнд ганцаарчилсан төрөл дээр багын дүнгээр хоёрдугаар байранд шалгарсан. Нэгдүгээр байранд Тайвань, Гуравдугаар байранд Хонконг орсон. Ганцаарчилсан төрөлд  ОУХМ Х.Ундрам гуравдугаар байранд орж 3-р байран шалгарсан.  Мөн Сод-Одын Энхжин  бөмбөгтэй дасгалын төрөлд 3-р байранд орсон. Монгол улс сүүлийн 5-н жилийн хугацаанд багын төрлийг хөгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнд 5-р байранд орж байсан бол энэ удаа хоёрдугаар байрын эзэн болсон. Анх удаа Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улс медаль хүртэж байна.

   Тэмцээний хагас шигшээ шатны насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд, нийлбэр дүнгээр Казахстан улсын тамирчин Sarybay Aidana тэргүүлжээ. Удаах байрт БНСУ-ын тамирчин Seo Geoun мөнгөн, Тайванийн Канг Юн хүрэл медаль тус тус хүртсэн. Манай улс энэ тэмцээнээс нийт 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж өмнөх амжилтаа ахиулан тивийн хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртсэн нь Монголын гимнастикийн спортын түүхэнд тодоор бичигдлээ.

Б.Эрдэнэзаяа: Уран сайхны гимнастик нь олимпийн наадамд ганц эмэгтэйчүүд өрсөлддөгөөрөө онцлог. Балет, бүжиг, уран нугаралт зэрэг олон төрлийг хослуулсан гоо сайхны спорт.  Сүүлийн 2,3 жилийн хувьд энэ спортоо илүү сурталчлах, хичээллэж байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Одоогоор энэ спортоо хичээллэж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь 12-с доош насны хүүхэд байна. Тэмцээнд тогтмол оролцдог 150 шахам хүүхэд бий. Засгийн газраас баталсан стандартын дагуу долоо хоногт 2-4 удаа хичээллэдэг. Миний хувьд 4–н настайгаасаа энэ спортоор хичээллэсэн.12 жил хичээллэлээд 16 настайдаа зодог тайлж,  дасгалжуулагч хийж байна. Зарим спортын төрлийг бодвол их залуудаа 23-24 настайдаа зодог тайлдаг. 

   Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хослуулсан Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм. Өнөөдөр Монгол улсад 300 гаруй охин уг спортоор хичээллэж байна. Тэд Ази тивийн аварга, Олон улсын томоохон тэмцээнүүдэд медальт байранд тогтмол шалгарч байгаа нь энэ спорт манайд тодорхой түвшинд хөгжиж байгааг харуулж байна. Гимнастикийн холбоо байгуулагдсанаас хойш эх нутагтаа “Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2017 онд аэробик гимнастикийн төрлөөр зохион байгуулсан. Уран гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буйг Азийн гимнастикийн холбоо өндрөөр үнэлсэн. Энэ тэмцээн нь Азийн тамирчдын хувьд 2020 онд болох “Токиогийн олимп”-ийн том сорилт болох ач холбогдолтой хэмээн үнэлж зориулалтын дэвжээ бэлэглэлээ. Энэ дэвжээ манай баг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд маш их үүрэгтэй. Дашрамд дурдхад Монголын Гимнастикийн холбоо 1961 онд үүсч, 1962 онд Олон Улсын Гимнастикийн Холбоонд гишүүнээр элссэн түүхтэй. Спортын гимнастикийн улсын шигшээ багт ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан В.И.Червяков багшийн гэргий Нина Червякова уран сайхны гимнастикийн анхны секцийг хичээллүүлж, анхны тэмцээнийг зохион явуулж байжээ.

Үзсэн: 2026

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)