Европын холбоо манай улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буйд талархал илэрхийллээ
Европын холбооны улсуудаас технологийг нь суралцах, тэр дундаа хөдөө, аж ахуйн технологи нэвтрүүлэхийг илүүд үзэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал хариуцсан комиссар Невен Мимицаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо манай улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буйд талархал илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг нь үр ашигтай байсныг дурдаж, Европын холбооны төлөөлөгчийн газар нээгдсэнээр харилцан ашигтай хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Ноён Невен Мимица Европын холбооноос Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэхэд үе шаттай олгож байгаа буцалтгүй тусламжийг илүү үр ашигтай болгох талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад олгож байгаа зээл, тусламж нь улсын хөгжилд тодорхой эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч Европын холбооны улсуудаас технологийг нь суралцах, тэр дундаа хөдөө, аж ахуйн технологи нэвтрүүлэхийг илүүд үзэж цаашдаа тусламж, зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэж буйгаа илэрхийлж, энэ төрлийн бодитой хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
Үзсэн: 1362
Tweet