Хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн тулд хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейтийн сангаас олгогддог санхүүгийн дэмжлэгийг илүү хэрэгцээтэй төсөл, хөтөлбөр рүү, зориулалтынх нь дагуу ашиглах асуудалд анхаарч буйгаа хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт улсаас Монгол Улсад сууж байсан өмнөх Элчин сайдтай олон удаа уулзахдаа зарим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нааштайгаар ярилцсан талаар хэлж, Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайритай ч гэсэн хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийг өргөжүүлэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейтийн сангаас олгогддог санхүүгийн дэмжлэгийг илүү хэрэгцээтэй төсөл, хөтөлбөр рүү, зориулалтынх нь дагуу ашиглах асуудалд анхаарч буйгаа хэлж, ойрын хугацаанд Монгол-Кувейтийн судалгааны төвийн асуудлаар дахин уулзахаар тохиролцов. Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри хоёр улсын бүхий л түвшний харилцааг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажил, хэрэгч бүхий л саналыг таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Үзсэн: 999
Tweet