Үзэмчин түмний цайны ёс
Уригдсан гийчдийн аягыг хуурсан гурил, будаа, боов боорцог, ааруул хурууд, шар, цагаан тосоор дүүргэдэг. Ирсэн гийчний “зоогийн сав буюу ходоод” дүүрэн байвал аягатай идээгээ аваад харьдаг ёстой
“Сонирхолтой Монгол” булангаараа “Үзэмчин түмний цайны ёс” сурвалжилсан тэмдэглэл сонсгохоор бэлтгэлээ. Нэвтрүүлгийн хойморт Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн Чойжинжав, Үржинсүрэн, Цасчихэр, Хэрлэн сумын иргэн, өндөр настан Батмөнх нар уригдлаа.
Үзэмчин угсаатны хэл, соёл, зан заншил, ахуй амьдралтай нь танилцахын өмнө тухайн угсаатны түүх, уг гарвал, эрхэлдэг аж ахуй, нутаг устай нь эхлээд сонсогч олноо танилцуулах нь зүйтэй санагдлаа. Ингэснээр Үзэмчин угсаатны “Цайны ёс”-той танилцахад илүү ойрхон болно.
... Дорнод монголд оршин суудаг, өвөрлөгчдийн гаралтай ястан нь Үзэмчин угсаатан. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган суманд зүүн Үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд баруун Үзэмчид нутаглана.
Үзэмчин гэдэг нэрийн гарлыг "үзэмтэй" газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу "үзмэрч төлөгч" байснаас ийм нэр олсон гэх ба "үзүүртэй хурц шулуун" гэсэн утгатай үгнээс үүсэлтэй хэмээн эртэмтэд янз бүрээр тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон Дуралын үед түүний эзэмшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун зүүн хоёр гар болгон хуваан, ХҮI-ХҮII зууны заагт халхын Сэцэн хаанд захируулжээ. Дараа нь Өвөрмонголд харьяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.
Ингээд үзэмчин хошууг сумын зохион байгуулалтанд оруулахад баруун гар нь "Их" үзэмчин, зүүн гар нь "Бага" үзэмчин хошуу гэгджээ. Үзэмчин нь Өвөрмонголын Шилийн голын чуулганд харьяалагдан байгаад, 1945 оны өвөл нэг хэсэг нь БНМАУ-д шилжин ирж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ. Баруун Үзэмчнээс ирэгсэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа суурьшжээ.
Үзэмчин түмэн Монгол үндэсний хувцас чимэглэлийг гол болгон хэрэглэдэг боловч хийц маяг, хэлбэр загвар, урлах арга барилын хувьд халх, буриад, харчин, хорчин бусад угсаатнаасаа ялгаатай зүйл олон бий. Эрэгтэй, эмэгтэй, лам, хар, хөгшид, хүүхэд бүхэн нас биений онцлог, цаг улирлын байдалдаа зохицуулан хувцас, зүүсгэлээ оёж, урлаж бүтээдгээрээ нийтлэг юм.
Бусад угсаатны нэгэн адил мал аж ахуй эрхлэн тал нутгийн нүүдлийг чимэн байдаг. Дуу хуур, амьдралын онцлог шинжээрээ адил төстэй ч Үзэмчний цайны ёсон бусад угсаатны бүлгүүдээс ялгарах онцлогтой. Үзэмчид цайны ёсоо “жилийн цай уулгах ёсон” хэмээн дээдэлж ёс уламжлалаа өдий хүртэл нандигнан хадгалсаар байна. Энэ тухай Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэд ярьж байна. "...Үзэмчин угсаатны “Жилийн цай уулгах ёсон” өөр хаана ч байхгүй зөвхөн манай угсаатанд байдаг сайхан ёс л доо. Угтаа өвлийг өнөтэй давсны давхар баяр юм. Яагаад давхар баяр гэж хэлж байгаа юм бэ гэхээр цагаан сараа тэмдэглэнэ. Энэ нь нэг баяр. Цагаан сарын дараа шинийн арван тавандаа багтаж айл хөрш байгаа малчидаа урьж жилийн цай уулгах нь давхар баяр болж байгаа юм. Жилийн цай уух өдөр бүгд нэг гэртээ цуглаж идэж ууж, шагайгаар наадан цэнгэж нэг өдрийг үднэ. Хүн бүр цадталаа идэх ёстой. Энэ үеэр хийж бүтээсэнээ ярилцаж цаашдын ажил амьдралаа ярилцана. Жишээ нь дархан хүн байлаа гэхэд хийсэн эдлэлээ бусдадаа танилцуулна. Манай Үзэмчин эмэгтэйчүүдийн толгойн гоёл, мөнгөн урлал бас л бусдаас өвөрмөц шүү дээ. Эмэгтэйчүүд оёж бүтээсэнээ охид бүсгүйчүүлд үзүүлнэ. Зааж сургана. Цай ууж наадан цэнгэж байгаа мэт харагдав ч цаанаа Үзэмчин түмний өв соёл, уламжлал явагдаж байгаа юм".
Монголчуудад хэн нэгэндээ цай өгөх, цай хүргүүлэх, цайгаар дайлах гэсэн ёс бий. Зочлох, зочлуулах гэсэн ёсон ч бий. Зочилгоо нь Цагаалга, Будаалга, Цайллага, Дайллага гэсэн өөр өөр зориулалттай. Үүний дотроос цагаалга, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан зан үйлийн шинжтэй бол цайллага, дайллага нь иргэний нийтлэг шинжтэй. Айл хөршийнхнөө, ах дүү, анд нөхдөө урьж дайлж цайлахыг монголчууд “цай уулгах” гэж энгийн нэрлэдэг. Энэ нь тодорхой цаг улиралд хамаарахгүй. Тэгвэл үзэмчний жилийн цайны ёсон жил бүрийн сар шинийн 15-ндаа багтааж айлсаж өвөлжсөн, сууриараа нэгдсэн, сум хошуугаараа захалсан ямарч айл, хэн ч бай уригддагаараа өвөрмөц юм. Монголын бусад угсаатанд ажиглагддаг цай уулгах ёсон голдуу жилийн дөрвөн улирлын аль нэгэнд айлсан буусан айлууд хоёр нутгийн эрхээр салж нүүхийн өмнө харилцан бие биестээ цай уулгадаг ёсон бий. Энэ нь жилийн аль ч улиралд хамаарахгүйг дээр дурьдсан. Тэгвэл Үзэмчний жилийн цай уулгах ёсонд тухайн айл хишиг өдрөө сонгож уригдсан айл, зочдынхоо аягыг гэртээ авч ирдэг. Уригдсан гийчдийн аягыг хуурсан гурил, будаа, боов боорцог, ааруул хурууд, шар, цагаан тосоор дүүргэдэг. Ирсэн гийчний “зоогийн сав буюу ходоод” дүүрэн байвал аягатай идээгээ аваад харьдаг ёстой. Энэ бялхам ёс өвгөд, хөгшид, идэр залуу, нялх балчиргүй бүгдэд тэгш үйлчилнэ.
“Аяганы алагаас адууны алаг нь сайхан” гэнэ. Үзэмчний “жилийн цай уулгах” энэ ёс нь айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэгийг санаж бие биенээ хүндэтгэх, бага балчиртаа ухаан суулгаж хүмүүжүүлэх, уламжлалт тоглоом наадгайгаа сэргээх, дуу хуур, ерөөл магтаал сурах, үлгэр оньсого таалцаж оюуны бяд суух гээд гүн гүнзгий утга санааг агуулдаг.
"...Өнөөдөр Цасчихэрийнх маань бидэнд “Жилийн цай”-гаа уулгаж байна аа. Бид их баяр хөөртэй байна. Ингээд хуран чуулсан нутаг усны ахан дүүс та бүхэн минь “Дээрээ тэнгэрийн нартай, Дэргэдээ ханийн нартай, Өвөр дээрээ өнийн нартай, Өн удаан мөнхийн жаргалтай, Урт насалж удаан жаргахын ерөөл”-ийг дэвшүүлээд Үзэмчин угсаатны “Дүүрэн жаргалан” гэдэг дуугаар ая дуугаа өргөе өө".
...Дүүрэн жаргалан гэдэг энэ дуунд:
Хүчээр гардаггүй цолмон
Үүр цайлгаад л арилжина
Үзэмчин хошууны дүүрэн жаргалжаан
Үүрэг жадваан хаялаад гарна аа гэж Үзэмчин түмний бахархал болсон бөхөө магтан дуулцгаана...
"Хуучин нийгмийн үед нэг хошууны “жилийн цай уулгах ёс” байтугай нийт Монголчуудын “сар шинийн баяр”-ыг нийтээр тэмдэглэх хориотой байлаа. Шинэ цагийн өнгөөр сар шинийн баяр сэргэхтэй зэрэгцэн Үзэмчний “жилийн цай уулгах ёсон” сэргэж айл бүр жилийн цээрээ гаргадаг эрхтэй болсон юм. Өнөөдөр Үзэмчин хошууны сум, багийн төр захиргааны байгууллага өөрсдөө санаачлан "Ёс заншил, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлцгээе" хэмээн уриалж Үзэмчин түмний "Жилийн цай уулгах зан үйл”-ийн арга хэмжээг нийтийн дунд явуулж тухайн цайны ёс заншлыг хүүхэд залуучуудад таниулдаг боллоо. “Ураг удмаа мэдэхгүй хэн нэгнийг “Ойд төрсөн сармагчин лугаа” санадаг монголчууд уламжлал, зан үйл, ёс дэгээ эрхэмлэдэггүй хэн нэгнийг бас “Балар эртний хадан агуйн хүнтэй” зүйрлэн жиших нь ч бий. Ураг удмаа дээдэлж, уламжлал зан үйлээ бага багаар ч атугаа сэргээж буй Үзэмчин түмний “жилийн цай уулгах ёсон” Дорнод монголын тал нутагт дэлгэрсээр байна.
Үзсэн: 3686
Tweet