Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Итгэл, сэтгэл, зүтгэл л бидний үнэ цэнэ юм


Densmaa 2018-10-24 04:10

Монголын үйлдвэрийн бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гэдгээрээ илүү таашаагдах, эрэлттэй байх үндсэн шалтгаан болсоор байна

     Монгол улсад хөнгөн аж үйлдвэр хөгжсөний 85 жилийн ойд зориулан эх орны үйлдвэрийн арьс ширэн эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Мишээл экспод зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд арьс, ширэн эдлэл, ноос, ноолууран бүтээгдэхүүнээс гадна мод, модон эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн ч олны хүртээл болсон юм. Нэг үгээр хэлбэл хөнгөн аж үйлдвэрийн хөгжсөний түүхэн ойн нэрийн дор Монголчууд юу хийж урлаж чаддагаа, цаашид ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр гаргах санаа сэдэлтэй байгааг энэ үзэсгэлэн худалдаанаас харж болохоор байв. Арьс ширэн эдлэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зарим нь мянга шахам загварын бүтээгдэхүүнтэйгээр үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Одоо та бүхэнд олон арван үйлдвэрлэгчдийн төлөөлөл болгож Дархан нэхий, Дархан Минж, Уран сор, MJL Gowl  Компаниудын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн худалдааны менежерүүдтэй хийсэн ярилцлагыг толилуулах болно.

    Дархан нэхий компанийн худалдааны менежер Саруулбуян та бүхэнд үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. БНХАУ,  ОХУ, Итали зэрэг гадны тав зургаан улсад үйлдвэрийн бүтээгдэхүүнээ экспортолдог манай компани дээрх улсад гаргадаг бараа бүтээгдэхүүнийхээ дээжээс дэлгэлээ. Үзэсгэлэнд шинэ загварын 30 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бүрээсээ 20-30 ширхэгийг авч ирсэн. Үзэсгэлэнг үзэгчид зөвхөн үзэж сонирхох гэж ирээгүйг бид борлуулагдсан бараа бүтээгдэхүүн нэг бүрээсээ мэдэрлээ. Сэтгэл маш хангалуун байна.  Бид жил бүрийн өвлийг шинэ загвартай угтдаг. Энэ жил ч мөн ялгаагүй. 2018 оныг манай хамт олон чанарын жил болгосон. Амлалтаа ажил болгож чадсан шүү.

     Дархан Минж компанийн худалдааны менежер Хандмаа та бүхэнтэй мэндчилж байна. Манай Дархан Минж компани чанар сайтай, өргөн сонголт бүхий үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнээрээ дамжуулан эх орныхоо болон экспортын түнш улс орнуудын хэрэглэгчдийнхээ хэзээний танил болсон байгууллага хамт олон юм. Бид Монгол хониныхоо арьсыг бүрэн боловсруулж нэхий дээл, гутлаас гадна нэхийгээр юу хийж болох бүхнийг үйлдвэрлэж байна. Жишээ нь энэ удаагийн үзэсгэлэнд бид дээлийн хурган болон нэхий дотортой ирсэн. Худалдан авагч дуртай өнгөөрөө дээлийн гадар татахад л бэлэн байхаар. Маш их эрэлттэй байна. Мөн арьсан эдлэлийн орон зайд Дархан Минж өөрийн гэсэн байр сууриа ч эзэлсэн. Нийтдээ 14 нэр төрлийн шинэ загварын бүтээгдэхүүнтэй ирсэн. Борлуулагдаад дуусаж байна. Би өдөр бүр худалдан авагчтайгаа ойр байж тэдний санаа бодлыг сонсож байдаг тул үйлдвэрийн хамт олонтойгоо яриад шинэ загвар, шинэ санааг хэрэгжүүлэхэд илүү дөхөм байдаг. Энэ мэт олон чухал сэдэл манай компанийн давуу тал болж байдаг.

    Монгол үйлдвэрлэгчид, Монгол урчуудын ухаан дэлхийн цараатай дүйцжээ. Тэдний сэтгэлээс гарсан бүтээгдэхүүн хэрэглэгчдийнхээ итгэл сэтгэлд бүрэн нийцэж байгааг дуулгахдаа таатай байна. Үүнд нөлөөлөх давуу тал нь Монголын үйлдвэрийн бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гэдгээрээ илүү таашаагдах, эрэлттэй байх үндсэн шалтгаан болсоор байв. Үзэсгэлэнгээс харж, ажиж явахад үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарт илүү анхаарал хандуулдаг болсон нь ажиглагдсан. Уулзсан үйлдвэрлэгч бүрийн амнаас манайх өргөн сонголттой, хамгийн гол нь цэвэр байгалийн, эдэлгээний чанараар давуу гэх үг гарна. Өнөөдрийн хэрэглэгчид байгалийн бүтээгдэхүүнээр хийсэн эдэлгээ даах чанартай хувцас, хэрэглэлийг чухалд үзэх болсон. Одоо та бүхэн Уран сор компанийн бүтээгдэхүүнтэй танилцана уу.

   Уран сор компанийн худалдааны менежер Батцэцэг үйлдвэрийн бүтээгдэхүүнээ та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна.Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн Герман, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос зэрэг гадаад улс оронд экспортлодог.  Монгол улсад хөнгөн аж үйлдвэр хөгжсөний ойн баяраар манай компани мянга шахам загварын “Мерона” ноос, ноосон бүтээгдэхүүн, ноолууран хувцасны дээжээсээ энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэлээ. Ноолууран бүтээгдэхүүнээс гэхэд ороолт, малгай, оймс, өвдгөвч, даашинз, хүрэм зэргийн 16 нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдав. Монголчууд маань жил ирэх бүр  ихэд загварлаг болж байгаа нь харагдаж байна. Аливаа хувцас, эд хэрэглэлийн донж маягийг өөртөө зохицуулах эрдэмтэй болсон нь гайхалтай санагдаж бас баярлах сэтгэл төрж байна.

    MJL Gowl  Компанийн менежер Хорлоо ахлагчтай манай баг хамт олон Монгол улсад  хөнгөн аж үйлдвэр хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндийг  Монголын радио сонсогч та бүхэнд хүргэж байна. Манай компани арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадна, дотны улс орнуудын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийлүүлж байна. Бид үзэсгэлэнд чухал ач холбогдол өгч байна. Яагаад вэ гэхээр үзэсгэлэнгээр дамжуулан үйлчлүүлэгчдийнхээ санал бодолыг сонсох, цаашид ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцтэй байгааг тандах, нөгөө талаар ижил төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа бусад компани, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнтэй өөрсдийн бүтээгдэхүүнээ жишиж үзэх, харьцуулалт явуулах боломж олдож байгаа тул бид энэ үзэсгэлэнд эртнээс бэлдэж оролцож байгаа юм. Бид Монгол малынхаа арьс, ширээр юу хийж үйлдвэрлэж болох бүхнийг хийж байгаа. Чанарт түлхүү анхаарна. Бид өөрсдийн гэсэн гадна дотны худалдан авагч, түнштэй тул тэднийхээ итгэлийг алдахгүйг эрхэмд үздэг. Түншлэл, нөхөрлөл олон жил үргэлжилж байгаа тул манай бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байдаг. Жишээлбэл түрийвч, өмдний тэлээ, жижиг бэлэг дурсгалын зүйлүүд, үзэг балны гэр зэрэг бүтээгдэхүүн 3 мянгаас эхлээд 10, 15 мянга, эмэгтэй гоёлын цүнх, аялалын цүнх зэрэг томоохон бараа бүтээгдэхүүн 150-350 мянга байх жишээтэй. Энэ үнэ цэн олон жил үргэлжилж байна. Бид мөнгийг нэн эрхэмд үздэггүй. Харин итгэл, сэтгэл, зүтгэл л  бидний үнэ цэнэ юм гэдгийг маш сайн ойлгож үйлдвэр үйлчилгээндээ тусгаж ажиллаж байна.

    Монголын төрөөс  аж үйлдвэрийнхээ  салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Мөн  дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, инновацид суурилсан, эдийн засаг, нийгмийн үр ашиг бүхий боловсруулах, дахин боловсруулах, бүтээлч аж үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих бодлогыг, бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхдээ аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Ер нь төрөөс худалдаа, үйлчилгээний салбарын хөгжих таатай орчныг бүрдүүлэхдээ экспортыг төрөлжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Цаашид дээрх бодлогыг дараах 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зохистой гэж үзсэнээс:
     1-р үе шатыг 2015-2020 онд хэрэгжүүлнэ. Үүнд: Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
     2-р үе шатыг 2020-2025 онд хэрэгжүүлнэ. Үүнд: Экспорт давамгайлсан аж үйлдвэрийн бүтцийг бий болгож өндөр технологи, машин, тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
   3-р  үе шатыг 2025-2030 онд хэрэгжүүлнэ. Үүнд: Мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, үйлчилгээ болон технологийн экспортыг дэмжин хөгжүүлнэ гэж хөнгөн аж үйлдвэрийнхээ бодлогыг тодорхойлсон. Энэхүү бодлогын хэрэгжилтийн нэг нь  Монгол улсад хөнгөн аж үйлдвэр хөгжсөний 85 жилийн ойд зориулан Мишээл экспод гарсан эх орны үйлдвэрийн арьс ширэн эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа байлаа.

 

 

Үзсэн: 1844

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна