Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-д эзлэх Монголын байр суурь


Densmaa 2018-10-24 03:10

Манай улс ялангуяа далайд гарцгүй улс орны асуудлаар нэлээд идэвхтэй байр суурь баримталдаг

    Өнгөрсөн ХХ зуун Монгол Улсын түүхэнд олон чухал үйл явдлаар дүүрэн байлаа. Тэртээ 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 онд Ардын засгийн газрыг байгуулж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж олон улсын хамтын нийгэмлэг дэх хууль ёсны байр сууриа эзэлсэн түүхтэй.

    НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. Түүнчлэн 1990 онд ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж ардчилал, зах зээлийн тогтолцоонд амжилттай шилжсэн юм. 

   Олон улсын засгийн газар хоорондын түгээмэл бөгөөд нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол Нэгдсэн Үндэстний Байгууллага билээ. 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Сан Франциско хотноо 51 улсын оролцоотойгоор үүссэн энэхүү байгууллагад эдүгээ дэлхийн 190 гаруй улс гишүүнээр нэгдэн ороод байна.

   НҮБ нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан товхинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхүүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг  өмнөө тавьдаг. Энэхүү эрхэм үйл хэрэгт Монгол Улс эхнээс нь оролцох хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд НҮБ-ын гишүүн болох өргөдлөө анх 1946 оны 6 дугаар сарын 24-нд албан ёсоор гаргажээ. Гэвч НҮБ-д элсэх зам манай улсын хувьд шулуун дардан байсангүй. Бүхэл бүтэн 15 жилийн турш үзэл суртлын сөргөлдөөн, хүйтэн дайны хатуу уур амьсгалыг даван туулж, тууштай тэмцэж ирсний дүнд 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болсон юм.  

   Тухайн үед НҮБ-ын гишүүн байсан 100 орчим улс орон бүгд Монгол Улсын төлөө саналаа өгсөн байдаг. Манай орны хувьд энэ нь улс төр, дипломатын үнэлж баршгүй том амжилт, тусгаар тогтнол, улс төрийн чухал баталгаа болсон юм. Улмаар олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэх, гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэн идэвхжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаанд оролцох өргөн боломж нээгдсэн билээ.

   1961 онд НҮБ-д элсэх үедээ манай улс 19 оронтой дипломат харилцаатай байв. Харин НҮБ-ын гишүүн болсноор бусад улс орны Монгол Улстай дипломат харилцаа тогтоох эрмэлзэл, эрх зүйн үндэс, улс төрийн орчин эрс өөрчлөгдөж, эдүгээ 190 оронтой дипломат харилцаа тогтоож, олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 70 гаруй байгууллагад элсээд байна. Энэ нь дэлхий ертөнцөд манай улсын эзэлж буй орон зай, хүлээсэн үүрэг өргөн болсны гэрч юм. Энэ тухай НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн албаны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга С.Эрдэнэбилэг "Манай орон НҮБ-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш 4 жилд нэг удаа батлагддаг НҮБ-ын тусламж хөтөлбөрөө МУ-ын Засгийн газартай ярилцаж, зөвлөлдөөд ямар салбарт нь ямар тусламж үзүүлэх үү гэдгээ тохироод тэр хэмжээгээр манай улс тусламж дэмжлэг аваад явдаг. Манай улс НҮБ-ын идэвхтэй гишүүн орон. Үүнд улс төр, эдийн засгийн хөгжил, тогтвортой хөгжлийн асуудал, байгаль орчин, хүний эрхийн асуудал гээд энэ бүх асуудалд манайх оролцож, тодорхой байр сууриа илэрхийлээд явдаг. Сүүлийн үед манай оролцоо дэлхийн олон нийтийн анхаарлыг их татаж байна. Ер нь улсын байр суурь гэдэг тухайн орны идэвх, тухайн орны хөгжил, тухайн орны эдийн засгийн байдалтай холбоотой. Түүхий эдийн бүтээгдэхүүний хувьд манайх нэлээн чухал газар. Тэр хэмжээгээр олон улсын эдийн засгийн ашиг сонирхлыг их татаж байна. Олон улсын эдийн засгийн ашиг сонирхлыг татна гэдэг улс төрийн ашиг сонирхол нь ч татагдана. Тэр чинээгээрээ манай улсын үүрэг роль нэмэгдэнэ. Манай улс ялангуяа далайд гарцгүй улс орны асуудлаар нэлээд идэвхтэй байр суурь баримталдаг. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцдог. Мөн НҮБ-д манай улсаас олон хүн ажилладаг. Энэ бүгд манай улсын нэр хүндэд их нөлөөтэй" гэсэн юм.  

     Манай улсын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд эдийн засгийн хөгжил ба байгаль хамгаалах, зэвсэг хураах долоо хоног, улс түмэн энх тунх амьдрах эрхийн тухай тунхаглал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өвөрмөц хэрэгцээ, шаардлага, ардчиллын боловсрол зэрэг асуудлыг санаачлан хэлэлцүүлж нийт 80 гаруй удаа тогтоол батлуулжээ. Түүнчлэн НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнийхээ хувьд  1999 оны 9 дүгээр сард НҮБ, Монгол Улсын Засгийн газар хооронд “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр энх тайвныг бэхжүүлэх, терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд манай улс бодитой хувь нэмэр оруулах болж, 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Монгол улс эдүгээ олон улсын 240 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсон нь дэлхийн хэрэг явдалд манай улсын эзэлж буй орон зай, хүлээж буй үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж буйг илэрхийлдэг юм.

Үзсэн: 1522

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна