Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалез Монгол Улсад айлчлана


Densmaa 2018-10-24 02:10

Тус байгууллагын “Худалдаа ба эмэгтэйчүүд” санаачилга, “Худалдаа ба залуус” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх асуудлаар санал тавьж ярилцав

   Швейцарын холбооны улсын Женев хотноо Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хотод төвтэй Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалезтай уулзав.

   Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад худалдаа, хувийн хэвшлийг хөгжүүлэх чиглэлд сүүлийн 20 гаруй жил ОУХТ Монгол Улсад олон дэмжлэг үзүүлж ирснийг онцлоод, хатагтай Аранча Гонзалез болон тус байгууллагын хамт олонд талархал илэрхийллээ.

   ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал хатагтай А.Гонзалез Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлэн, ОУХТ-ийн Монгол Улс дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй гээд ОУХТ, Монгол Улсын эдийн засгийн харилцааны асуудлаар ярилцав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг Монгол Улс зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, экспортыг төрөлжүүлэхэд тус байгууллагатай хамтран ажиллах саналаа дэлгэрэнгүй танилцуулав. Цаашлаад Европын орнуудын технологийг Монголд нэвтрүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн Зүүн Ази болон бусад зах зээлд нийлүүлэх боломжтойг танилцуулж, эмэгтэйчүүд болон залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжихэд чухал ач холбогдол бүхий тус байгууллагын “Худалдаа ба эмэгтэйчүүд” санаачилга, “Худалдаа ба залуус” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх асуудлаар санал тавьж ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалез  Монгол Улсад удахгүй айлчлах гэж байгаа талаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, 2020 онд болох “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг найрсгаар хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Үзсэн: 1076

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна