Хоёр орны харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна
Япон улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоо 8000 орчим байгаа бол манай улсад 600 гаруй япон иргэн оршин сууж байна
XX зуун нь Зүүн Азийн орнуудын түүхэнд, ялангуяа Монголын орчин цагийн үндэстэн болон бүрэлдэн тогтох үйл явцад шийдвэрлэх нөлөөтэй байжээ. Тухайлбал, Монгол болон Япон хоёр үндэстэн 13-р зууны Юань гүрэн, Хубилай хааны үеэс бие биеэ мэдэх болсон боловч газар зүй, соёл иргэншлийн ялгаа, Азийн эх газрын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан олон зууны туршид ойртон нөхөрлөх боломж гараагүй хэмээн зарим түүхч тэмдэглэдэг. Харин 20-р зуун гарсаар хоёр орны улс төр, эдийн засгийн байдал өөрчлөгдөж, тус хоёр улс 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ.
Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоох үйл явц 1970-аад оны эхэн хүртэл сунжирсан явдал нь дайны төлбөр, Монголд байсан Японы олзны цэргүүдийн асуудал зэрэг маргаантай хэд хэдэн асуудлаас үүдэлтэй байжээ. Эдгээр асуудал нь 1946 оноос эхлэн тавигдсан бөгөөд хоёр тал тодорхой шийдлийг олтол олон жил болсон юм.
1960 - 1972 он хүртэл хоёр орны хооронд хэвийн, дипломат харилцаа тогтоосон түүх нь хоёр орны дотоод улс төрийн байдлаас гадна тухайн үеийн олон улсын байдлаас хамаарч байв. Харин 1972 оны хоёрдугаар сард албан ёсны дипломат харилцаа тогтоосноор 20-р зуунд анх удаа олон улсын жишгээр бие биеийг хүлээн зөвшөөрч, Элчин сайдаа солилцсон байна. Мөн бүрэн эрхт тусгаар тогтносон улсуудын хувьд улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүхий л салбарт харилцааг хөгжүүлэх нэн таатай нөхцлийг бүрдүүлжээ.
1980-1990 оны заагаас Монголын нийгэмд гарсан дотоод гадаад өөрчлөлтүүд Монгол улсын гадаад бодлогод, түүн дотор Япон улстай харилцах хоёр талын харилцаанд ч эрс доривтой ахиц авчирсан байна. Япон Улс Монголын ардчилсан, зах зээлийн өөрчлөлтийг анхнаас нь тууштай дэмжиж, “Монголыг дэмжих бүлэг”–ийг удирдан зохион байгуулж, томоохон хандивлагч орны үүргийг гүйцэтгэсэн юм. Улмаар 1996 оноос хоёр орон “иж бүрэн түншлэлийн харилцаа”-г хөгжүүлэхээр тохиролцжээ.
Эдүгээ хоёр орны харилцаа ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг байгуулж 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн дүрэм журам, гаалийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулахаар харилцан тохирсон юм. Хэлэлцээрээр тохирсон гарал үүслийн шаардлага хангасан Монголын талаас 5700, Японы талаас 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн татварыг шууд “тэг”-лэх, эсвэл үе шаттайгаар бууруулах замаар тодорхой хугацааны дараа “тэг”-лэх зохицуулалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ тухай МҮХАҮТ-ын дэд захирал Оюунчимэг: "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хоёр орны худалдааны эргэлт 500 гаруй сая доллараар хэмжигдэж байсан. Хэлэлцээр байгуулагдсанаас хойш МҮХАҮТ-аас олгож байгаа гарал үүслийн гэрчилгээний Е формоор үзэх юм бол өнөөдрийг хүртэл энэ богино хугацаанд Монголын экспортын бараа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэмжээнд хөнгөлөлт авч Японы зах зээл дээр гарсан байна" гэлээ.
"Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр” хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс энэ оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Япон Улсаас импортолсон нийт 210.1 сая ам.долларын үнийн дүн бүхий барааны 17.2 тэрбум төгрөгийн гаалийн албан татварыг хөнгөлсөн байна. Энэ 2018 оны эхний 3 сарын байдлаар 38.6 сая ам.долларын үнийн дүн бүхий бараанд 3.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлжээ. Энэ нь өнгөрсөн 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм.
Харин хөнгөлөлттэй тарифаар импортолсон бараа нь Япон улсаас импортолсон нийт барааны үнийн дүнгийн 40 орчим хувийг эзэлж байна. Тарифын хөнгөлөлт эдэлсэн барааны ихэнх хувийг суудлын автомашин, уул уурхайн хүнд даацын машин механизм, түүний сэлбэг хэрэгсэл эзэлж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улс 190 улстай дипломат харилцаатайгаас БНХАУ, ОХУ, Япон улстай стратегийн түнш юм. 21-р зуун гарсаар хоёр орны хоорондох дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж, агуулга өргөжсөн. Иймд 1997 оноос хойш Япон улстай хөгжүүлсэн иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр 2010 онд тохиролцсон нь түүхэн чухал алхам болсон юм. МУИС-ийн Гадаад Харилцааны Сургуулийн Япон хэлний тэнхимийн эрхлэгч Баттулга "Сүүлийн үед Монгол Японы стратегийн түншлэлийн харилцааг дагаад маш эрчтэй харилцаа хөгжих боломж бүрдэж байна. Энэ асуудал дээр ялангуяа эрдэмтдийн тавьж байгаа санал бол уул уурхайн салбарт гарч байгаа өөрчлөлтүүд, мөн энэ чиглэлээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд мөн энэ салбарыг дагаад яригддаг байгаль орчны асуудалд анхаарал хандуулж байна" гэж хоёр орны харилцааны тухай өгүүлсэн юм.
Монгол Япон хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Япон улсаас манай талд үзүүлж ирсэн зээл тусламж, төсөл хөтөлбөрийн талаар дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Тухайлбал Манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн, эдийн засгийн хүнд хэцүү үед 4-р цахилгаан станцын хэвийн ажиллагааг хангах, Замын-Үүдийн ачаа шилжүүлэх байгууламжийг сайжруулах, аймаг сумдад дизель станц суурилуулах, бага дунд сургуулиудыг өргөтгөн шинэчлэх зэрэг олон тооны төслийг Япон улсын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлж байлаа. Мөн соёлын салбарт хэрэгжсэн Япон улсын тусламж олон байдгаас Хархорин хотын туурийн судалгаа, музейн хадгалалтын технологийн тусламж, концертын хөгжмийн зэмсэг хэрэгсэл нийлүүлэх, УДБЭТ-ийн гэрэлтүүлэг, дуу чимээний болон Палеонтологийн Төвийн Эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах, Хархорум музей барих зэрэг олон төслийг дурдаж болно. Сонирхуулахад, Монгол, Япон Улсын хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 44 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Түүнчлэн 1990 онд анхны мэргэжилтнээ Монгол руу илгээж байсан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу “ЖАЙКА” тухайн онд Монголд анхны төлөөлөгчийн газраа нээж байсан түүхтэй. Ингэснээр тус байгууллагаас Монголд хэрэгжүүлэх төслүүдийн тоо, цар хүрээ нэмэгдсэн байна. Мөн Японы Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны тусламж” буюу “ХАЁТ”-ын хөтөлбөрүүд, “Өвсний үндэс” хөтөлбөр зэрэг томоохон хөтөлбөрийг энэ үеэс хэрэгжүүлж эхэлжээ.
Монгол Япон хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлэхийн тулд 16-25, 26-35 насны залуучуудад зориулсан хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, залуус хоорондын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг судлаачид онцолдог. Энэ хүрээнд манай оронд олон Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төв юм. Тус төв японы боловсролыг монгол залууст олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Монгол Японы залуучуудын хамтын ажиллагааг дэмжих төвийн зорилго, үйл ажиллагааны талаар гүйцэтгэх захирал Жавзандулам "Манай төв 2004 онд Япон улсын “Асахи” сонины дэмжлэг санаачилгаар байгуулагдсан ТББ. Байгууллагын маань зорилго бол Монгол японы залуучуудын соёлын солилцоо, хоорондын харилцаа, цаашлаад Монгол японы харилцааг хөгжүүлэх юм. Үйл ажиллагааны хувьд Япон улсад Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр болон мөн хувийн зардлаар Япон улсад оюутан залуусыг суралцуулах, мөн япон хэлний төрөлжсөн сургалт, Монгол улсаа Япон улсад сурталчлан таниулах, Монгол улсад ажиллаж амьдарч байгаа япон хүмүүст хүрч үйлчлэх ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр манай төвөөс их дээд сургуулийн япон хэлний үндсэн ангид сурч байгаа оюутан залуусын дунд элсэлтээ зарладаг. Ер нь бол япон хэлний суурь мэдлэгтэй оюутнууд гэж шаарддаг, уржнан жил хүртэл жилд 2 удаа буюу 2 ээлжээр Япон улсад суралцуулахаар оюутан илгээдэг байсан бол эдийн засгийн хямралаас үүдээд жилд нэг удаа элсэлт авч байна. Нэг удаагийнхаа элсэлтээр 10-аас дээш хүүхэд явуулдаг. Түүнчлэн манай төвд япон хэл сурах хүсэл сонирхолтой оюутан залуус ирдэг учраас тэдний хүсэл сонирхлын дагуу кимоногийн сургалт, цайны урлагийн сургалт зэрэг сургалт явуулдаг. Мөн манай төвийн нэг онцлог бол нэгдүгээрт, шууд Япон улсад ажиллаж, хөдөлмөрлөх оюутан гэдэг утгаар нь, хоёрдугаарт өөрсдөө эх орондоо компьютерийн чиглэлээр ч юмуу гоё мэргэжил эзэмшсэн байлаа гэхэд Япон улсад үйлдвэр албан байгууллагад ажилд орохоор хэлний бэрхшээл үүсдэг. Мөн үүнээс гадна ажилд ороод япон хүнтэй хамтран ажиллаж чадах уу, үгүй юу гэдэг дээр соёлын ялгааны асуудал гардаг. Тиймээс харилцааны соёл, зан үйл талаас нь нэлээн их зааж өгдгөөрөө онцлог юм" гэсэн юм.
Сонирхуулахад, Япон улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоо 8000 орчим байгаа бол манай улсад 600 гаруй япон иргэн оршин сууж байна. Энэ мэт хоёр орны харилцаа нийгмийн бүхий л салбарт эрчимтэй хөгжиж, олон улсын тавцанд найрсгаар хамтран ажиллаж байгаа билээ.
Үзсэн: 1326
Tweet