Европын улсуудад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Элчин сайдуудад суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулах асуудалд анхаарахыг хүссэн юм
Бельги улсын Брюссель хотноо Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Элчин сайдуудад суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулах асуудалд анхаарахыг хүссэн юм. Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, баримт бичгийн дагуу боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, Элчин сайд нартай санал солилцлоо. Тухайлбал, хөдөө аж ахуйгаас гаралтай түүхий эдийг боловсруулах шаардлагатай тул Европын энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн улс оронтой нягт хамтын ажиллагаатай байж төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, аялал жуулчлалын салбарт бүтээн байгуулахаар бэлтгэсэн төслүүдтэй сайтар танилцаж, суугаа улсынхаа онцлогт тохируулан хамтран ажиллах хэрэгтэйг хэллээ.
Мөн Элчин сайд нарт Төрийн өндөрлөгүүд “нэг цонхны” гадаад бодлого баримталж буй тул танилцуулга, өгсөн үүрэг чиглэлтэй холбогдуулан хичээнгүйлэн ажиллахыг хүссэн юм.
Үзсэн: 1158
Tweet