Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Монгол тууль - Жангар"


Densmaa 2018-10-17 03:10

Туульч бол бурхны илгээсэн хүн. Тэнгэрийн ёсыг газарт дэлгэрүүлэгч гэж хэлж болно.

          Боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болоогүй эрт цагт сайхан, муухайг ялган заадаг сургууль нь тууль байж. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ, ард түмнийг яаж нэгтгэх тухай туульд тод өгүүлжээ. Монголчууд туульдаа оюун бодлоо шингээсэн ард түмэн. Тиймээс тууль оршсон газар монгол ахуй соёл мөхдөггүй. Тайлж, ухаарч чадвал туульд ертөнцийн гүн ухаан бий.

           ОХУ-ын Халимагийн  туульч Охийн  Цагаанзам   саяхан Монголд ирэхдээ  Бурхан Халдун уулын бэлд "Жангар" туулиа хайллаа. Бурхан Халдун гэдэг нь баруун монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн утгыг илэрхийлдэг. Ойрдууд "Битээ хальд" гэж ярьдаг. Энэ нь "бүү хүр" гэсэн санааг илтгэдэг.Хальд гэдэг эртний үг нь Халдун хэмээх үгийн үндэс. Сансар огторгуйгаас нэг зүйл бууж ирдэг, түүнээс хүн эрч хүч, мэдээлэл авдаг. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, тийм цөөн ард түмэн дотроос ялгаран гарч дэлхийн талыг эзэлсэн гарамгай удирдагч. Түүнд заяасан энэ их хүч чадал, холч ухааныг дэлхийн олон судлаач судалж, нууцыг нь тайлаагүй.

            Чингис хаан Бурхан Халдун уулнаа очин дээд тэнгэрийн санааг сонсдог байсан тухай мэдээ баримт "Нууц товчоо"-нд бий хэмээн Халимагийн туульч  Цагаанзам ярьж байна. Тэрээр цааш "Монгол их соёл түүхтэй ард түмэн шүү. Дэлхийн соёлын төв нь Монголд бий гэдгийг батлахыг хүсдэг.   Манай баруун Монголд 40 гаруй тууль байна гэдэг нь агуу их. Үүнийг мартаж болохгүй анзаарах хэрэгтэй гээд л явна. Жангар тууль бол агуу их юм. Дөрөв таван өдөр дараалан хайлдаг. Гэхдээ одоо сонсдог хүн цөөрсөн. Нэг удаад тоглолт арга хэмжээнд 15 -30 орчим минут хайлж байна. Тууль гэдэг нь дээрээс бууж ирсэн зүйл. Туулиа хайлж, хадгалж өвлөөд байвал  дээрээс хайр ивээл ирдэг. Миний бодлоор Бурхан Халдун гэсэн нь бурхантай холбоотой, залгаатай гэж байгаа үг юм.  Бурхан Халдун газрын хүйс, цэг. Тууль зэргийг сэргээгээд тэгээд амьдрал ахуй аяндаа сайжирна гэж үзэж байна. Жангараас юу ч болов сурч болно.  Дээр үед туулиар дамжуулж хүмүүсийг хүмүүжүүлж байсан. Тууль хамгийн сайн сайхан, зөв бурууг мэдрүүлдэг, сургаал, гүн ухаан бүх юм байна" гэсэн юм.

         Жангар бол эх нутгаа жаргалын орон болгох гэсэн ард түмний хүслэнг илэрхийлсэн зохиол юм.Оросын монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнээр “нүүдлийн амьдралын бадрангуй, уран зураглал” нь чухамдаа монгол үндэсний чанартай туульсын зохиол юм. Зохиолд монгол ардын олонх баатарлалын туульс адил зовж зүдэрсэн доорд хүү Жангар, шадар сайн нөхдийн тус дэмжлэгэтэйгээр харгис хаад, эзэд, аймшигт мангасыг дарж, аз жаргалаа олж, амар сайхан жаргаж байгаа тухай өгүүлсэн. 

          Нэрт туульч Цагаанзам "Би их хувь заяатай хүн. Волгоградын орчимд, аян замд төрсөн. Сибирьт цөлөгдсөн халимгуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийсэн юм. Сибирийн халимагийг буцах замд төрж. Ингэхдээ би цамцтай төрсөн. Цамцтай төрсөн хүн. Аз жаргалтай хүн давхар хальстай төрдөг гэж оросууд үздэг.Тэр үед би мэндэлж, эмээ маань надад Цагаанзам хэмээх нэр хайрлажээ. Намайг төрх үед орос эмэгтэйчүүд булаалдаж эмээ минь нэг алгын чинээ жижгийг авч үлдсэн. Түүнийг хадгалдаг. Их ач тустай эд гэдэг. 30 хүртлээ би их зовсон хүн. Нэг удаа Зүүдэндээ цагаан өвгөн ирээд чи хэн бэ? гэж асууж байна. Би халимгийн  Цагаанзам гэвэл 9-р ангид байхад чинь чамайг үзлээ гэсэн. Москвад барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Цөмийн цахилгаан станцад мэргэжлээрээ 30 нас хүртлээ ажилласан. Социалист нийгэмд амьдарч байсан би комсмолийн гишүүн гээд ардын ёс заншлаасаа хол хөндий байлаа. Би 16 настайгаас тууль хайлах ёстой, атал завсарт нь "төөрөлдсөөр" 33 наснаасаа туультай золгосон доо. Нийгэм ч тэгж таарсан. Түүх соёл уртын дуу, түүхээ мартаж болохгүй. Өөрсдийн юмаа голж болохгүй. Илүү сайн сурч судлах учиртай" гэлээ.

         “Жангар" туулийг  бүрэн мэддэг хүн байхгүй. Бүтнээр нь хайлъя гэвэл хагас сарын ажил болно. Энэ туулийг бүлэг бүлгээр нь хайлна. Халимагууд тууль аялгуулан хэлдэг хүнийг Жангарч, Монголчууд туульч гэдэг. Баруун монгол, халимаг бол угтаа Дува сохорын дөрвөн хүүгээс улбаалсан Ойрд түмэн. Бидний хэл, ахуй соёл маргашгүй нэг. Тиймээс товшуур, тууль хоёроо уламжлан өвлүүлдэг. Гэхдээ туульчид удмынхаа хөвгүүдээс нүдэндээ зальтай, нүүрэндээ галтайг нь шигшиж сонгодог. Суу заль гэдэг. Заль гэдэг чинь уугуул монгол хэлээр гал гэсэн үг.Туульсийн бүтээлүүд нь эртний цадиг шүтлэг, бөө мөргөл, бурхан шашнаас өмнө бий болсон. Тиймээс домог зүйн болон уран сайхны сэтгэлгээг хадгалсан, үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын бүх төрлийг багтааснаараа онцлогтой. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл. Туульч бол бурхны илгээсэн хүн. Тэнгэрийн ёсыг газарт дэлгэрүүлэгч гэж хэлж болно. Эрт цагт бөө, оточ, туульч гурвыг тахин шүтэж байсан. Эдгээр эрдэм чадалт гурван. хүний оргилд нь туульчид байжээ.

Үзсэн: 8217

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна