НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы II хорооны Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Олон улсын энх тайван, аюулгүй байдал зэрэг 15 багц асуудлын хүрээнд холбогдох тогтоолын төслүүдийг хэлэлцэж, батлана.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы II хорооны үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 8-нд эхлэв. Тус хорооны ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тухайлбал, Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграци, санаачлагад нэгдэх, хөрш болон бусад улс оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж буйг онцлов. Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлд Монгол Улс идэвхитэй ажиллаж, хувь нэмрээ оруулж буйг тэмдэглээд, ДГХБО-ын Олон улсын судалгааны төв нь засгийн газар хоорондын байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа Улаанбаатар хотноо бүрэн эхлүүлснийг мэдээлж, судалгааны төвийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай болгох тогтоолын төсөлд хамтран зохиогчоор орохыг гишүүн орнуудад уриалав.
Үзсэн: 1169
Tweet