АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан айлчилж байна
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох Хоёр дахь Компакт гэрээг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг ГХЯ-нд хүлээн авч, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын үеэр хоёр тал Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, 2018 оны сүүл, 2019 оны эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах болон эрчим хүчний зөвлөлдөх уулзалтуудын бэлтгэлийн талаар ярилцав. Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сард Вашингтон хотноо болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын Бага хуралд оролцож, түүний мөрөөр бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа П.Мерфи илэрхийлэв. Тэрбээр манай тал Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилж, улмаар 2019 онд Азийн Буддистуудын Энхтайвны төлөө бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгаад баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Ноён П.Мерфи Монголд байх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзана. Тэрбээр мөн МҮОНРТ-д ярилцлага өгч, АНУ-д их, дээд сургууль төгсөгчдийн төлөөлөлтэй уулзана.
Үзсэн: 1125
Tweet