АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 27 жил болж байна
Энхтайвны корпусын сайн дурын 51 ажилтан 8 дугаар сарын 17 өдөр тангаргаа өргөж сайн дурын ажилтнуудын эгнээнд элслээ.
АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 27, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулаад 7 дахь жилтэйгээ золгож байна. Дээрх хугацаанд эрүүл мэнд, англи хэлний боловсрол олгох чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монголын нийгэмд оюуны хөрөнгө оруулалтыг оруулж байна. Энхтайвны корпусын сайн дурын 51 ажилтан 8 дугаар сарын 17 өдөр тангаргаа өргөж сайн дурын ажилтнуудын эгнээнд элслээ. Ингэснээр эдгээр ажилтан Монгол орны өнцөг булан бүрт хүрч, алс хязгаарын аймаг сумын сургуулиудад Монгол багш нартайгаа хамт мөр зэрэгцэн ажиллаж монголын ирээдүй болсон хүүхэд багачууд төдийгүй орон нутгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах аж.
Тангараг өргөх ёслолд АНУ-ын Хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер, Монгол дахь Энх тайвны корпусын захирал Жин Никсон нар оролцлоо. Тангараг өргөх ёслолын үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат “Монгол хэл, ёс зан заншил, соёл түүхтэй танилцаж, олон сайхан найзтай болж, насан туршдаа дурсагдах дурсамжуудыг бүтээгээсэй хэмээн хүсэж байна. Мөн Монгол орны талаар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэхээс гадна сонирхсон чиглэлээрээ судалгаа, нийтлэл бичиж Америкийн ард түмэнд Монгол орны өнөөгийн байдал, соёл, зан заншил, баялаг түүхийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгнө хэмээн итгэж байна” гэлээ.
Үзсэн: 1450
Tweet