“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” НААДАМД 700 ГАРУЙ АРДЫН АВЬЯАСТАН ОРОЛЦОНО
“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” наадамд үндэсний спортын 2000 гаруй тамирчид оролцоно.
ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг үндэслэн “Үндэсний спортын их наадам”, “Соёлын биет бус өвийн наадам”-ыг хамтатган “Нүүдэлчин Монгол” нэрээр 8-р сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна. “Соёлын биет бус өвийн наадам” гурван жилд нэг удаа болдог байсан хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн 2011 оноос хойш зохион байгуулаагүй аж. “Нүүдэлчин Монгол” наадам нь Монгол түмний соёлын биет бус өвийг хамгаалах, олон нийтэд ардын урлаг, үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйлийг таниулах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилготой” гэж Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат онцолж байлаа. Тус наадам нь эх хэл, ардын язгуур урлаг, гар урлал, уламжлалт зан үйл, арга технологи гэсэн үндсэн таван сэдвийн хүрээнд болох бөгөөд урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын тэмцээнийг зохион байгуулах юм байна. Наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй ардын авьяастнууд, гар урчууд болон үндэсний спортын 2000 гаруй тамирчид оролцох юм.
Үзсэн: 1512
Tweet