ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав
Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал ноён Хохюн Жаныг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар хоёр тал Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцжээ. Гүйцэтгэх захирал ноён Хохюн Жанын зүгээс хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд 5 дахь шатны үнэлгээний үр дүнг удахгүй Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэхээ мэдэгдсэн юм.
Харин Монголбанкны зүгээс Монгол Улсад тулгамдсан хүнд цаг үед ОУВС хөтөлбөртөө хамруулж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Мөн Монголбанкнаас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд ажиллаж байгааг дурдсан байна.
Үзсэн: 1274
Tweet