МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТЕРРЕСТЭЙ УУЛЗАВ
Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотоллоо.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллаж, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөрийг НҮБ амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлээд, 7 дугаар сарын эхээр Улаанбаатар хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулснаа онцлосон байна. Мөн Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн албан хаагчдыг оролцуулж эхэлснийг дурдаад, Засгийн газраас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтуудын хэрэгжилт, ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулах үйл явцад оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа, НҮБ-аас Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр өргөжүүлж ажиллахаа нотолсон байна. Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотоллоо.
Үзсэн: 1314
Tweet