Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно.
Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид оролцоно.
БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцох юм. Монгол туургат угсаатан өдгөө хэд хэдэн улсын хилийг дамнан хүн, байгалийн төгс зохицол болсон соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр оршин байна. Монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах нь Монгол туургатан хэн бүхний үүрэг хэмээх үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион байгуулж байгаа юм. Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү наадам ач холбогдлоо өгөх юм. “Мөнх тэнгэр” наадмын хүрээнд Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт, Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн, Монгол Костюмсын 15-н жилийн ойн театрчилсан загварын тоглолт, этно хөгжмийн үдэш зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Үзсэн: 1846
Tweet